ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Хилчид хүний амь аварчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-24

Энэ сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -14-20 градус хүртэл хүйтэрч, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан билээ.

Тэгвэл энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хил дагуу бэлчиж байсан 172 орчим тооны адуугаа эргүүлж явсан малчин мотоциклийнхоо хажууд унаж, осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ... дугаар салбарын хилчид болох ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа олжээ.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад тухайн иргэнийг олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахаас гадна ард иргэдэд учирч болзошгүй байсан 189 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн байна.

Хилчдийнхээ үлгэр жишээ, бахархам ажил үйлст нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.