ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан гишүүн нутгийн залуу начиндаа 100 сая төгрөг өгчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-29

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаврын чуулган завсарласан энэ хугацаанд тойрогтоо ажиллаж, ямархуу бэл бэнчинтэй вэ гэдгээ гайхуулж яваа бололтой. Тэр Б.Билэгт шиг бакал, данх тараасангүй. Г.Тэмүүлэн шиг шанага тарааж доош орсонгүй. Х.Болорчулуун шиг хичээлийн хэрэгсэл тарааж оноо авсангүй.

Харин нутгийн хэдэн бөхчүүддээ 100 саяар нь бэлэн мөнгө тарааж, хэтэвчний зузаанаа гайхуулж яваа сурагтай. Тухайлбал, өнөө жилийн наадмаар начин цолны болзол хангасан Хөвсгөл Аймгийн Их-Уул сумын уугуул, залуу начин Б.Даваа-Очирт начин цолны мялаалгад оролцож, нутгийн начиндаа 100 сая төгрөг өгчээ.

Мөн Б.Даваа-Очирыг бөхийн замд хөтөлсөн Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарт 15 сая, бэлтгэл сургуулилтыг нь хангаж байсан Монгол Улсын харцага Г.Элбэгт 10 сая, Их-Уул сумаас 20 жилийн өмнө Монгол Улсын начин цол хүртэж байсан Улсын начин Н.Баттулгад 30 сая төгрөг өгчээ. Хэтэвчний зузаан, нутгийн улстөрчийн зангараг харуулж бэлэн сая, саяар бөхөө мялааж яваа бололтой.