Өнөөдөр удтал хүлээгдсэн нүүрсний хэргийн анхны шүүх хурал болов. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын "Нүүрсний" гэх 11 яллагдагчид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн ч шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, шүүх хурал давхацсан" гэх хүсэлт гаргасан учраас ирэх есдүгээ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулав. Мөн шүүгчдэгч Т.Түвшинбаатар өөрийн хэргийг харьяаллын дагуу Дорнод аймаг руу шилжүүлэх хүсэлт гаргасныг мөн хэлэлцэх аж.
Тэгвэл шүүх хуралдааны үеэр энэхүү бүлэглэлийг удирдсан гэх УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдгийг хэлэв.
Хуралдааны үеэр шүүгчдэгчдийн хэлсэн үгийг тоймлон уншигч танд хүргэе.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Маш их гүтгэлэг доромжлол явж байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр харагдуулахын тулд олон янзаар зохиож бичиж байгаа. Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага дуудах бүрт би хэлсэн цагт нь очиж байсан. Надад холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийднэ гэсэн хүлээлт өнөө хүртэл байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа түргэн шуурхай явж, үнэн зөвийг тогтоож өгөөсэй. Шүүх хурал нээлттэй явах ёстой.
Гүтгэлэг их байгаа учраас хэвлэл мэдээлэл үнэн зөвийг олж хараасай. Намайг улс төрөөс холдуулах гэсэн улс төр явсан. Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, иргэдийн эрх ашгийн талд хатуу зогсож, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна гэж тодорхой харлаа. Тэд нийлээд юу хийж чаддагийг ч бас харлаа. Миний эд хөрөнгийг битүүмжилсэн зүйл байхгүй. Хуралдааныг нээлттэй явуулаач гэж хүсэлт тавиад гарч ирлээ.
Хахууль өгсөн асуудал ч байхгүй. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах гэдэг чинь өөрөө олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг шүү дээ. Мафийн зохион байгуулалт шүү дээ. Би тийм зүйл огт хийгээгүй ээ. Тавантолгойд томилогдсон хүмүүсийн томилгоо ч хууль ном журмын дагуу болсон гэж ойлгосоор ирсэн. Хэн нэгнийг томилсоныг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэх юм бол Монгол Улсад хэчнээн томилгоо явж байгаа билээ. Тэр бүхэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл болох уу. Хөрөнгийг хууль бусаар олж авсан гэдэг ч зохион байгуулалттай гүтгэлэг. ХОМ-ээ би анхнаасаа шалгуулаад явсан. Шүүхээр шаардлагатай бол шийдүүлээд, шалгуулаад явна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг: Яллагдагч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой гэсэн учраас шүүх хурлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Би өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Яагаад гэвэл би ганцаараа цагдан хоригдоод есөн сар болж байна. 11 хүнд холбогдсон гэх энэ хэрэгт нэг шанага ч нүүрсний асуудал яригдахгүй. Тийм учраас эртхэн хүмүүст хэлж ойлгуулахын тулд шүүх хурлыг хойшлуулж болохгүй.