Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа хэдий ч эцэст нь хуулийн байгууллага нь үнэн зөв шийдмээр байна. Түүнээс дунд шатны хэдэн хүмүүст ял өгч, шийдээд нэмэргүй. Тэгвэл хянан шалгах түр хороо хуралдаад хэрэггүй. Нүүрсний хулгай бол маш том авлигын асуудал шүү дээ. Үүнийг анхаараач ээ. Хөгжлийн Банк хэрэг 1.8 их наяд төгрөг байсан. Харин нүүрс бол худалдан авалт, үнийн дүн, хамрагдалт зэрэг маш нүсэр ажил байгаа. Тиймээс мэргэжилтнүүд, шинжээчдийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ шинжээчдийнхээ мэдээллийг уялдуулаад явах хэрэгтэй байна. Хулгай гарсан, оролцсон албан тушаалтнуудыг нэр устай нь зарлаад явахгүй бол үр дүнд хүрэхгүй гэж хэлмээр байна" гэлээ. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Түр хорооны гишүүд хариуцлагатай ажилламаар байна. Тэр дундаа Т.Доржханд гишүүн идэвхтэй бай. Цаашид шинжээчээр ажиллаж байгаа хүмүүст давхар анхаармаар байна. Нүүрстэй холбогдсон хүн хүртэл шинжээчээр орж ирж байна. Тиймээс шинжээчийн намтарт анхаармаар байна” гэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Түр хорооны даргаас гишүүд мэдээлэл нэхээд байна. Хамтдаа шалгаж, хамтдаа хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Ажнай корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ынгишүүн асан Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүнийг шинжээчээр тавьсан байна лээ, тэгж болохгүй юм. Арилжааны банкуудаас данс хөөх аргаар явна. Тиймээс тогтоолын төсөл гаргаж байна. Хяналт шалгалтын зүгээс ийм шаардлага тавьж байна” гэсэн юм. Ингээд хуралдаан хаалттай горимд шилжлээ.