ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Илт худал мэдээ тараасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-21

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тархсан гэмт хэргийн шинжтэй илт худал мэдээ, мэдээлэлтэй холбогдуулан Тагнуул болон цагдаагийн байгууллага дээр шалгагдаж буй зарим гэмт хэрэг, түүний үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Тагнуулын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн В.Баасанхүү дараах мэдээллийг өгөв. Тэрбээр:

"Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг удаа дараа нийтэлж байна. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тагнуулын байгууллагаас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрлийн хүрээнд хүргэж байна.

-2023 оны наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээнд “Чаагий Чагнаа” гэх фэйсбүүк хаягнаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна” гэсэн илт худал мэдээллийг нийтлэсэн.

-2023 оны Есдүгээр сарын 13-нд “Энхбаяр П.Ж” гэх хаягнаас “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахааар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсгээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж, засаг төрийг эсэргүүцье” гэсэн агуулга бүхий мэдээлэл нийтлэсэн.

- Мөн Есдүгээр сарын 13-нд “Гилийн тамга” гэсэн хаягнаас “Баян-Өлгий аймагт хээрийн сургуулилт хийж байна. Энэ нь иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх илт худал агуулга бүхий мэдээллийг нийтлэсэн.

Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтлэсэн болохыг Тагнуулын байгууллагаас тогтоон Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах”, “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Прокурорын хяналтад шилжүүлсэн" гэлээ.

Түүнчлэн, техник технологийн эрин үед хуурамч хаяг болон өөр хүний хаягийг ашиглан илт худал мэдээллийг нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй байхыг санууллаа.

Монгол Улсын Эрүүгийн хуульд:

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.