Төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд шуурхай хүргэх зорилготой “Явуулын оффис-“Явуулын үзлэг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Аяныг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Гурвантэс сумаас эхлүүлж, Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.
Ажлын баг “Явуулын оффис”-оор иргэдэд төрийн үйлчилгээг хүргэсэн бол явуулын үзлэгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж, Гурвантэс сумын Урт болон Бага-Овоо баг, Морин зааг суурин зэрэг газарт тус тус ажиллаж, давхардсан тоогоор 661 иргэнд үйлчилгээ үзүүлжээ.
Тодруулбал, Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх “Явууллын оффис”-оор 325 иргэнд, “Явуулын үзлэг”-т 336 иргэнийг хамруулж, иргэдэд нэн шаардлагатай байсан төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа нь төв суурин орж шаардлагатай тусламж үйлчилгээг авч чаддаггүй алслагдсан сумын иргэдэд чухал ажил болж байгаагаараа онцлогтой. “Явуулын оффис-“Явуулын үзлэг”-ийг Ноён, Сэврэй суманд үргэлжлүүлэн зохион байгуулна.