ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: Тавдугаарт тойрогт М.Энхболд фракци ноёрхож байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-04-30

УИХ-ын тавдугаар тойрог бусдаас ялгаатай. Учир нь Монгол Улсын газар тариалан, хөдөө аж ахуй тэр дундаа үйлдвэрлэлийн гол бүсэд хамаардаг учраас аймгууд нь өрсөлдөх чадварын индексээр дээгүүрт эрэмбэлэгддэг.

Тэр хэрээр улсын төсвөөс татаас багатай, эдийн засгийн хувьд бие даасан, амжиргааны түвшин, боловсрол, мэдлэгтэй сонгогч олонтай. Горилогч нарын хувьд бэлтгэлтэй, эмх цэгцтэй, чамбай, “шүүлтүүр”-тэй оролцохгүй л бол басаж болохгүй тойрог. Улс төрийн намуудаас тус тойрогт нийтдээ 10 мандат дээр нэр дэвшигч нараа өрсөлдүүлэх бөгөөд нэр хүнд, шударга байдал, хариуцлага зэргээр эрэмбэлэх нь тодорхой.

МАН-ынхан их гарын “хулгай”-чдаа энэ тойрогт илгээх үү 

Энэхүү тойргийг МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд толгойлж оролцох болов уу гэх хүлээлт байсан ч түүний хувьд Бээжинд суух Элчин сайдад горилж буйгаа намдаа дуулгажээ. Харин М.Энхболдын тухайд карьер нь дууссан ч өөрийн фракцийн улстөрчдөө тойрогтоо илгээхээ мартаагүй. Тавдугаар тойргийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат толгойлж орохоор төлөвлөж байгаа сурагтай. Гэлээ ч багийн ахлагч нь өөрөө улстөрчийн хувьд цэвэр хүн биш гэдгийг монголчууд андахгүй биз ээ.

Одоогоор МАН-аас 20 орчим хүнийг горилогчоор тодруулаад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Боомтын асуудал хариуцсан сайд Б.Тулга, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар,  УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр,  Бүлл сүлжээ рестораны эзэн Н.Оюундарь,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, “шилэн” хочит, Дэд сайд асан Б.Цогтгэрэл, Дарханы ИТХ-ын дарга С.Насанбат, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжав, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр яригдаж байгаа юм.

МАН-ынхан УИХ-ын тавдугаар тойрогт ЖДҮ-чин, банкны луйварчин, хүчирхийлэгч, газрын наймаачин зэрэг их гарын “хулгайч”-дыг сойхоор зэхэж байна гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. Өмнө хэлсэнчлэн, горилогчдын олонхийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракци бүрдүүлснээрээ түүнийг МАН-аас яваагүйг нотлон харуулж байх аж.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр улс төрд орсон бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалд хүрэх хүртлээ карьераа өсгөсөн. Гэвч түүний хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бүхэл бүтэн нүүрсний ордыг өөрийн дүү болон найз нөхөдтэйгөө хамтран эзэмшиж байсан нь ил болж, УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хууль хяналтын байгууллагаас баривчилж, хоригдож байлаа.

Тэрбээр, ангийнхаа нөхдөөс нэлээд хойно буюу есөн сарын дараа УИХ-ын гишүүний тангарагаа өргөж байлаа. Үүнээс болоод олны дунд  нэр хүнд нь багагүй унасан. Өнгөрсөн хугацаанд батлуулсан олигтой хуулийн төсөлгүй, намынхаа нэр нүүрээр л үүрэгт хугацаагаа дуусгав. М.Энхболдын фракцийн дараагийн улстөрч бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор. Түүний хувьд Зайсангийн зэлүүд газрыг тансаг зэрэглэлийн хорооллоор дүүргэж, тэр хэрээрээ хэтэвч зузаан болжээ. Сайн ахын дэмжлэг буюу УИХ-ын дарга асан М.Энхболдын тусламжтайгаар хотын хамаг л гайгүй газарт цементэн ширэнгэ босгов.

Өдгөө түүний эзэмшлийн “Сөүл” рестораны газрын асуудлыг нийслэл хөндөж эхлэхэд хоёр орны найрамдалт харилцаа хэмээн тэнэгтэж, газраа өгөхгүй хэмээн улайрч буй. Хэтийдсэн пиар, хүн ичмээр бичлэгүүд тавих нь хэрээс хэтэрсэн түүнд сэлэнгэчүүд дахиад итгэх нь юу л бол. Түүний хувьд УИХ-д сонгогдож, жирийн иргэдийг төрд төлөөлсөн гэхээс илүүтэй хувийнхаа бизнес, эрх ашгаа хамгаалахад л анхаарч ажилладаг. Авторлох олигтой хуульгүй, хөлдүү буузны тавилттай жүжигт настай ээжийгээ чирч, түмнээр чичлүүлж яваа “хөлдүү” толгой. Сэлэнгэ мөрний эрэг дээр элдэв уянгын халилтай нэвтрүүлэг хийж, сэтгүүлчийн асуултад хариулт өгөхгүй ээрч муурч ярьдаг гэх мэтээр жирийн иргэдийг төлөөлж бодлого гаргах биш өөрийгөө зугаацуулж яваа нэгэн.

Тэгвэл Сэлэнгээс “гал тогоо”-ны алдарт дуулиантай, Сэлэнгийн атаман “улаан” н.Чинбатын охин Ч.Ундрам даагаа нэхэхээр намдаа хүсэлтээ өгчээ. Гэвч гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн нийгэмд цоллуулсан, гэр бүлээс гадуурх харилцаа нь түмэнд дэлгэгдчихсэн энэ эмэгтэй үйлдвэрлэгчдийг төлөөлж тавдугаар тойргоос гарч чадах нь юу л бол. Сүлжээ хоолны рестораны бизнесийн магнат, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь мөн л тойргоо тойглож эхэлсэн бөгөөд үндсэндээ Сэлэнгэ аймгийг төлөөлж тавдугаар тойрогт орж ирэхээр гурван эмэгтэй “үзэлцэж” байна. Н.Оюундарийн хувьд ЖДҮХС-гаас хүүгийнхээ компаниар дамжуулж, зээл авч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан. Тэд өнгөрсөн хугацаанд нэгнээ огтхон ч үзэж чадахгүй, өрсөлдсөөр ирсэн бөгөөд энэ удаад ч гал гарсан “зодоон” нь гаднаа гараагүй ч дотроо явсаар л байх аж.

Г.Дамдинням: Хамгийн түрүүнд Дарханы замын ажлыг дуусгана

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнгөрөгч сонгуулиар Дархан-Уул аймгаас анх удаа гишүүнээр сонгогдсон бөгөөд гялтайх хуулийн төсөл, гялалзах амжилтгүй олонд нэр нүүрээ барсан. Г.Дамдиннямын хувьд Хөгжлийн банкнаас танхимын хоёр найзынхаа хамт 33 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдож байлаа.

Мөн  2013-2016 онд Канад улсын Бритиш Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистраар хоёр жилийн хугацаанд сурахдаа 32 мянган ам.долларын зээл авч суралцаж, төгссөн байдаг. Гэсэн ч эргүүлж төлөөгүй. Тэгэхээр эрхэм гишүүн ард түмнийхээ боломжоос хумслахаасаа огтоос айдаггүй, эмээдэггүйг та бид харлаа. Тэр энэ удаагийн парламентыг поп гишүүний дүрээр өндөрлүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал мөн л М.Энхболдын хүн. Төв аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болтол нь түүнийг дэмжиж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Н.Энхболдынн “бөөрөнд” нааж гишүүний сэнтийд суулгажээ. Сайн ахын дэмжлэг хаа хүртэл үргэлжлэхийг таашгүй ч энэ удаагийн сонгуульд горилогчийн тоонд зүй ёсоор багтжээ.  Боомтын асуудал хариуцсан сайд Б.Тулгын хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас салгаж ойлгох аргагүй болтлоо цул болсон. Н.Энхбаяр амьд байгаа цагт Б.Тулга үргэлж албан тушаалаас зүүгдээстэй байна. Тэрбээр ямар ч байсан цүнх баригчаас Засгийн газрын сайд болтлоо дэвшсэн тул одоохондоо идсэн, уусан нэршлээс арай ангид явна.

“Муу нэрийг хусавч арилгахгүй”-чүүдийн эгнээнд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар,  “Шилэн” хочит Б.Цогтгэрэл нарыг нэрлэж болно. Тэдний хувьд тусгай сангийн хулгай, хуучин вагон шахсан их хэмжээний мөнгөний дээрэм, Оюутолгойн алдагдалтай гэрээ, төрийн мөнгө угаасан муугийн дүртэй “шимэгчид”. Дур эзнээ голохгүй гэгчээр хэрэг хуучирсан гэж бодож л өөрсдийгөө тавдугаар тойрогт сойж яваа сайн дурынхан билээ. МАН-аас дэмжиж, эрх өгсөн ч ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй горилогчид. Энэ тойрогт улс төрд шинэ өнгөөр орж ирж байгаа хүмүүс бол Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,  НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар,  Дарханы ИТХ-ын дарга С.Насанбат, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Нямжав нар.

Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар тойрогт сойж буй С.Лүндэг, О.Буяннэмэх нар нь олон нийтэд төдийлөн танигдаагүй ч бусдыгаа бодвол нэр цэвэр, элдэв хулгай худалд холбогдоогүй залуус. Тиймээс тавдугаар тойрогт нэр дэвшлээ гэхэд санал авч, ялалт байгуулах эсэх нь өөрсдөөс нь хамаарна. Нөгөөтээгүүр, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст танигдаж амжаагүй учраас дарагдах магадлалтай.

Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболдын зүгээс ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжавыг улс төрд зүтгүүлж яваа. Тэд хобби нэгтэй бөгөөд уяаны найзууд аж. “Богд хээр”-ийн эзэн Б.Нямжав нь “Эм Жи Эл корпораци” ХХК-ийнхаа нэр дээр манай томоохон банкнаас 10 тэрбум гаруй төгрөгийг зээлж, 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хэрэглэж, хуулийн байгууллагаар шалгагдаж явсан балагтай хэмээн сайтуудад бичжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нь Хотын дарга Х.Нямбаатарын хуурай дүү. Тэрбээр Хотын даргад шадарлаад багагүй хугацааг үдэж байгаа бөгөөд хуурамч тамганы дүрээр гарч ирсэн залуу үеийн төлөөллийн нэг юм билээ. Тэрбээр МЗХ-ны даргаар эзэн суух багагүй хугацаандаа маргаан дэгдээж, хуурамч тамга, тэмдгээр хүн шагнасан дуулианд холбогдож байв. Энэ бүх дуулиан маргаан шуугианы төгсгөлд МЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд суугаад нам жим болсон юм. Дарханы ИТХ-ын дарга С.Насанбат нутагтай цуутай нэгэн билээ. Түүний хувьд төрийн мөнгө шамшигдуулснаас үүдэн түүнийг огцруулахаар нутгийн иргэд нь жагсаж байсан удаатай. Түүгээр ч тогтохгүй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчиж,  байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон асуудлаар хуулийн байгууллагаар шалгуулж байв. Ийм хүнийг олон нийт дэмжиж, төрд төлөөлөх эргэлзээтэй. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн мөн л М.Энхболдтой мориор холбогдож, олон жил сүжирсэн нэгэн. Улс төрд өрсөлдөхийн тулд олон жил өөрийгөө бэлтгэсэн энэ эрхэм тавдугаар тойрогт орж иржээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн төлөөллөөс  улс төрд шинэ имижийг бүрдүүлсэн залуу үеийн төлөөллийн нэг нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа аж. Түүний хувьд намын анхан шатнаас эхлэн ажиллаж байгаа бөгөөд 10 гаруй жил улс төрд яваа эмэгтэй аж. Тиймээс хар имижтэй улстөрчдийн эсрэг шинэ дүрээ МАН гаргаж, ирэх эсэх нь цаг хугацааны асуудал байх. Намын 156 горилогч дунд анхан шатнаас өрсөлдөж буй цөөхөн хүний нэг бөгөөд өрсөлдөх хүсэлтээ намдаа өгчээ. Архичин, луйварчин, танхай этгээд, нам дамжигч гээд аль ч болж бүтэхгүй бүхэнд холбогдож явдаг Л.Наранбаатар мөн энэ тойрогт өрсөлдмөөр байгаагаа сүүлд орсон намдаа дуулгасан ч гялтайх гавьяагүй поп нөхөрт МАН итгэнэ гэдэг юу л бол. Дархан-Уул аймгаас “дархан” сонгогдоно хэмээн итгэж буй Сангийн сайд Б.Жавхлан, шатахууны магнат Б.Баттөмөр нар энэ удаа жагсаалт мөрөөдөж яваа ч олдох эсэх нь эргэлзээтэй учраас залуусыг жийж, тойргоо тойглохоос өөр сонголт тэдэнд олдохгүй байж мэдэх билээ.

Ц.Тувааныг дагалдах “бөөн дур”-ынхан

УИХ-ын тавдугаар тойргийг АН-аас УИХ-ын гишүүн Ц.Туваан толгойлох бөгөөд төвийн бүсийн багаа “Аравт”-ын системээр эрэмбэлэхээр болжээ. АН-ын хувьд нэлээд сайн төлөвлөгөөтэй, эв нэгдлээ ханган цул болж оролцохгүй л бол нөгөө талдаа асар их мөнгөний “машинууд”-тай өрсөлдөнө.

Keterangan tidak tersedia.

Гэтэл горилогчдыг харвал ёстой л сайн дураараа нэгдсэн “бөөн дур”-ынхан цуглачихсан байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Аравт багт сонгууль болгоноор шоволзоод гарч ирдэг ч гялтайх амжилт гаргадаггүй Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, “Говийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг”-ийн тэргүүн С.Эрдэнэболд, “Өег” гурил ХХК-ийн захирал А.Батсуурь, Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд, П.Тогтохбаяр, Анагаах ухааны доктор Н.Одонгуа, Р.Шинэгэрэл, Л.Одбаяр нарын горилогчид багтжээ. Ихэнх нь шинэковууд.

Тэнд яригдаж буй хүмүүсээс хамгийн туршлагатай улстөрч нь Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож ажилласан бөгөөд 2012 онд намын генсекээр ажиллахдаа намаа ялалтад хүргэж, байсан туршлагатай улстөрч. АН дотроо ч зангарагтай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй улстөрчийн тоонд зүй ёсоор багтана. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын тухайд тойрог толгойлж оролцохгүйгээр арын албанд ажиллаж, жагсаалт горилж магадгүй гэх таамаг байгаа юм.

Түүний хувьд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газрын шийдвэрээр оруулж ирсэн асуудалд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, гэм буруугаа дэнслүүлэн үнэн зөвөө шүүлгээд гараад ирсэн. Ус тосоороо асуудал ч ялгарч, өнөөдөр ард түмэн Эрдэнэтийн үнэ цэнийг илүү мэдэрч суугаа. Төрийн гаргасан шийдвэрийг төрд нь танилцуулсныхаа төлөө ял авсан ч цаг хугацаа түүнийг нь шүүгээд өгчихсөн билээ. Тиймээс АН хэрвээ төвийн бүсэд ялалт байгуулахыг хүсэж байгаа л бол УИХ-ын гишүүн Ц.Туваанаас гадна Д.Эрдэнэбатыг түшиглээд танигдаж амжаагүй залуусаа явуулчихвал хамаагүй зангарагтай харагдах биз ээ.

Ц.Туваан: ҮБХ-ны өнөөдрийн хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчийг  тодруулахгүй

Багийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөмөр дор 27 жилийн дараа Төв аймгаас АН-ынхан ялалт байгуулахад сонгогдож чадсан азтай нэгэн. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд тойргоо маш сайн усалсаар бүрэн эрхээ дуусгаж байна. Цөөнх учраас олигтой хуулийн төсөл ч санаачилсангүй. Тиймээс ихэнх цаг заваа тойргийнхондоо зарцуулжээ.  

АЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Домбонгийн Үүрийнтуяагийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшээд ялагдсан юм. Түүний хувьд хэтэрхий их сүр хүчийг харуулсан, “цөмөрсөн” пиар нь ялагдлынх нь шалтгаан болж байв. УИХ-д хоёр дахь удаагаа  өрсөлдөх гэж байгаа учир төвийн бүсэд тодорхой хэмжээний танил, өөрийн гэсэн хүрээлэлтэй болсон байх гэж найдах л үлдлээ. Мөн л дуулиан шуугианы эзнээр тодорч, хуулийн байгууллагаар шалгуулж явлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дөрөөлж, улс төрд гарч ирсэн С.Эрдэнэболдын хувьд өмнө нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон бөгөөд экс Ерөнхийлөгчөөс гадна эрдэмтэн аавынхаа сүр хүчээр улс төрд орж ирсэн юм. Тиймдээ ч энэ удаа аавынхаа төрсөн нутгийг бараадаж, төвийн бүсийг сонгосон хэрэг биз. Түүний хувьд "Марс Ви" төсөл эхлүүлээд буй. Тэрбээр, “ Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн гүүр болно. Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн” хэмээн пиардаж байгаад нам жим болсон. Гэхдээ мэдлэг боловсролын хувьд гологдохооргүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нь 2012 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байсан удаатай. Гурвантаа өрсөлдөж буй гудиггүй улстөрч дөө. Түүний хувьд Дэд сайдаар ажиллаж байхдаа мөнгө угаасан хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгагдаж байжээ.  “Өег” гурил ХХК-ийн захирал А.Батсуурь нь бизнесээрээ танигдсан нэгэн. УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбаттай тун ойрхон нөхөрлөж, түүнийг Сэлэнгийг “базаж” байх цагт цугтаа явсан, өнөөдөр ч цуг явсаар буй үнэнч нөхдийнх нь нэг.

Харин сүүлийн жилүүдэд Ц.Тувааны нөлөөгөөр төвийн бүсийг нэлээдгүй тойрчээ. Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд нь С.Эрдэнэтэй ойрхон шадарлаж явсан бөгөөд түүнийг даргаар ажиллаж байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд намынхаа эв нэгдэл, тамга тэмдгийн хэрүүлд багагүй хувь нэмэр үзүүлсэн гэлцдэг.

Хүний их эмч мэргэжилтэй бөгөөд нийтийн эрүүл мэндийн талаар олон нийтэд хэсэг мэдээлэл өгч байгаад сураг алдарчээ. Нэмэхээгийн Одонгуа нь АЭХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд мөн л эмч мэргэжилтэй нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бодлого зэрэгт анхаарлаа хандуулдаг аж. Тэдгээр эмэгтэйчүүд Сөүл Болороо, Улаан Чимбаагийн эрх охин Ундрам, Наваан-Юндэн өвөөгийн шартай охин Оюундарийн эсрэг “тулах” нь ээ .

Тэгвэл горилогч Р.Шинэгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд нийгмийн даатгалын тогтолцоонд реформ хийх шаарлагатай гэж дуу хоолойгоо өргөж явсан нэгэн аж. Л.Одбаярын хувьд Дархан хотын хөгжлийн төлөө төрийн бус байгууллагыг тэргүүлдэг, аймгийнхаа АЗХ-г удирдаж ажилладаг. П.Тогтохбаяр нь 2012 онд АН-ыг  засаг барьж байх үед Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.

Түүнээс хойш Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч, аймгийнхаа Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. МоАХ-д буюу Х.Баттулгад харьяалагддаг ажээ. Мөн энэ тойрогт Сангийн сайд асан С.Баярцогт эргэж очно хэмээн яригдаж байсан ч тойрогт бус жагсаалтад нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх магадлалтай хэмээн яригдаж байна. АН-ынхан ч С.Баярцогтыг хэрвээ тойрог руу илгээвэл хуйгаараа ялагдах магадлалтай хэмээж буй учраас энэ тойрогт дандаа улстөрч болж үзэх хүсэлдээ хөтлөгдсөн “бөөн дур”-ынхныг МАН-ын мөнгөлөгүүдийн өөдөөс сөргүүлж тавихаас өөр аргагүй болсон гэх. Ц.Туваантай мориор холбогддог Тод манлай уяач, “Монголчех метал” ХХК-ийн босс Б.Далайгийн хүү Д.Батбаяр гэгч мөн л энэ тойрогт ялчихна гэсэн их итгэлээр дүүрэн горилж яваа дуулдав.