Сонгуулийн Ерөнхий хороо болон Цагдаагийн Ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын явц, бүртгэгдсэн зөрчил мэдээлэл, санал тооллогын машины талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Ажлын хэсгийн дарга, хурандаа Э.Товуудорж:
-Цагдаагийн байгууллагын 12000 гаруй албан хаагч УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Санал хураах хэсгийн хорооны хамгаалалтад 2100 албан хаагч, замын хөдөлгөөний зохицуулалтад 1215, шуурхай удирдлагын штабт 5600, гэмт хэрэг зөрчил шалгах сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлын хангахад 2897 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.
Гэмт хэрэг зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг танилцуулъя. Монгол Улсын хэмжээнд 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 665, орон нутагт 439. Үүнээс гэмт хэргийн 420, зөрчлийн 684 дуудлага мэдээллийг хүлээн авч, цагдаагийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар 130 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51. Үүнээс 137 гомдол мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. 173 зөрчилд мөн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Нийт гэмт хэргийн шинжтэй ирсэн 420 гомдлоос Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах хэрэг 61.67 хувийг эзэлж байна. Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад учруулсан хэрэг 83 буюу 19.76 хувийг эзэлж байна.
Зөрчлийн нийт 684 мэдээллээс Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх мэдээлэл 101 буюу 24.05 хувийг эзэлж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 17.1, 18.1 буюу хууль зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах гэсэн дуудлага мэдээлэл 23.81 хувийг эзэлж байна. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд холбогдох шалгалтыг явуулж байна.