ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Цэнгүүн: Залуусаа түүхэнд байгаагүй өндөр ирцтэй сонгууль хийцгээе

O.Admin
2024-06-28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Одоогийн байдлаар ирц 60 гаруй хувьтай, 1.3 сая хүн саналаа өгөөд байгаа юм. Тэгвэл Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

Сонгуулийн ирц сүүлийн цаг орчим хугацаанд удааширсан байдалтай боллоо. Эрх баригч намаас Ардчилсан намын хэвлэлийн хурлын дараа холбогдох цаг үеийн мэдээлэл хийсэн. Монгол төрийн сонгууль дуусахад 1 цаг гаруйн хугацаа үлдлээ. Монгол орон даяар байгаа сонгуульдаа орж амжаагүй байгаа иргэдээ ирээдүйн эх орны хөгжил, таны хувь заяаг тодорхойлох сонгуульд хариуцлагатайгаар очиж саналаа өгөхийг уриалж байна.

Нийт сонгогчдоо та бүхэн саналаа очиж өгөөрэй. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд иргэдээ ямар нэгэн улс төрийн нам, үзэл санаагаар нь ялгаварлахгүйгээр эерэг оролцохыг уриалж оролцож байна.

АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшигч С.Цэнгүүн:

- Би энэ удаа нэр дэвшигч гэхээсээ илүү залуусаа төлөөлж байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна. Залуус улам олуулаа сонгуульд оролцож саналаа өгөх хэрэгтэй байна. Найзуудыгаа яг одоо саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Би өөрөө Улаанбаатарт төрж өссөн. Нийслэлд маш олон асуудал байгаа. Үүнийг залуус маш сайн мэдэж байгаа. Дөрвөн жилд нэг л удаа тохиох боломж одоо олдож байна. Улам олуулаа идэвхтэй байж ирцээ сайжруулаарай. Ингэснээр гэрэлт ирээдүйг бий болгож чадна. Хоёр цаг хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Түүхэндээ байгаагүй залуусын өндөр ирцтэй сонгуулийг хийе гэж уриалмаар байна.

АН-ын жагсаалтын 25-рт нэр дэвшигч Э.Энхпүрэв

- Залуусын идэвх оролцоо өмнөх сонгуулиудаас өндөр байгаад маш их баяртай байна. Ирэх дөрвөн жилд улс орны өнгө ямар байх вэ гэдгийг шийдэх торгон мөч дээрээ ирчихээд байна. Залуусын ирц сайн байгаа ч, өшөө илүү олуулаа оролцож саналаа өгөх хэрэгтэй байна. Монгол үнэхээр залуусын орон юм байна гэдгийг энэ удаа олуулаа идэвхтэй оролцож харуулахыг та бүхэнд уриалмаар байна.