Сонгуулийн санал тооллого дуусах шатандаа орж, үр дүн нэгэнт тодорхой болоод байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндэсний эвсэлд ирэх саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явагдсан. Энэ бүгдийг бид цаг тухайд нь хэвлэлд мэдээлж байсан. Дахин Монголын сонгууль элдэв луйваргүй, нэг нэгнийхээ эсрэг хар пиар хийдэггүй болохыг төлөө Үндэсний эвсэл ажиллана.
Үндэсний эвсэлийн улс төрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. УИХ-ын босгыг хуульд заасны дагуу давж цөөн хэдэн суудал авлаа. Гэхдээ бид хэрэгжүүлнэ гэсэн ажлынхаа ард гарах болно. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй болсон. Үүнийг Н.Номтойбаяр миний бие манлайлж явуулах болно. Гараанаас тэгш гарч уралдах ямар ч боломж байхгүй. Эрх барьж байгаа намуудад хууль хяналтын байгууллага 100 хувь хяналтад байдаг. Өрсөлдөгч нам эвслүүдэд дэгээ тавьж оролцлоо. Эрх баригч нам урд нь ийм байгаагүй. Хэвлэлд хандаж хэлэх зүйл их байна. Цаашид саналаа худалддаггүй, луйвардуулдаггүй байх, нам эвслүүдэд гарааны тэгш зарчим олгодог байх зайлшгүй шаардлага байна. Тэнцвэргүй сонгууль боллоо. УИХ-ын сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөлт орох ёстой юм байна. Хамгийн гол нь өрсөлдөх боломж тэгш хангагдах ёстой.
Үндэсний эвслийн нэр дэвшигчдийг дэмжсэн бүх иргэддээ баярлалаа. Амаргүй сонгууль байсан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль, хүчний байгууллагууд, Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж биднийг УИХ-ын сонгуульд төлөвлөгөөний дагуу ажиллах боломжийг олгоогүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авах жишээний. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Ганболдын Баярхүү маань сонгууль эхлээд ес хоносны дараа батламжаа авсан. Үндэсний эвслийг тэргүүлсэн намайг ч гэсэн хасаж, сонгууль эхэлснээс хойш 5 хоногийн дараа би сонгуулийн ажлаа эхэлсэн. Энэ асуудлыг орхихгүй. Үндэсний эвсэл хуульд заасан босгыг амжилттай давж чадсан" гэлээ.