ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Анхдугаар чуулганыг долоодугаар сарын 3-нд хуралдуулахаар төлөвлөжээ

O.Admin
2024-06-29

Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын 126 гишүүнийг сонголоо. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар долоодугаар сарын 3-нд анхдугаар чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн байна. Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулна. Уг чуулганаар УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгоно. 

Улмаар улсын баяр наадмаас өмнө Засгийн газрыг байгуулахаар тогтсон гэдгийг зарим эх сурвалж мэдээлж буй. Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн анхдугаар чуулгантай холбоотой зохицуулалтыг танилцуулъя.

18 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган

18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.

18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.

18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.

18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална.