ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Намд ирсэн хамтрах тухай бичгийг олон нийтэд нээлттэй болгох ёстой

O.Admin
2024-07-05

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр орой хуралдаж, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Аль нэг тал олонх болсон бол Засгийн газраа дангаар байгуулаад явах боломжтой. МАН олонх болсон учраас Засгийн газраа дангаараа байгуулаад явах боломжтой. Янз бүрийн асуудлаас болж хэдий олонх болсон ч, аль нэг хүчинтэй хамтрах тохиолдол гардаг. Жишээлбэл, 2008 онд МАН олонх болсон ч үймээн гарч, таван хүний амь үрэгдэж, нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллах саналыг АН-д тавьж байсан түүхтэй.

Миний бодлоор одоо бол хамтарсан Засгийн газар байгуулах хоёр нөхцөл үүссэн гэж харж байгаа. Нэг нь улс төрийн нөхцөл байдал. Улс оронд тогтворгүй байдал үүссэн бол хамтрах талаар ярьж болох талтай. Хууль зүйн хувьд бол олонх болсон учраас үндэслэл байхгүй. Хэн нь ч олонх болоогүй бол хамтарсан Засгийн газар байгуулдаг. 2004 онд жишээлбэл хамтарсан Засгийн газар байгуулж байсан шүү дээ. Хоёрдугаарт, сонгуулиас хойш хамтарсан засаг гэж ярьж байгаа ч бичиг нь ирээгүй. АН-д бичиг ирсэн бол бүх гишүүдэд тэрхүү бичиг нь хүртээлтэй байх ёстой. Тэр бичгийг би үзээгүй, мэдээгүй. Хэрэв хамтарсан засаг байгуулах гэж байгаа бол ном журмын дагуу байх ёстой. Намд ирсэн бичгийг олон нийтээс нуух шаардлагагүй. Ил гаргаад тавьчих. Бүгд хамтарсан Засгийн газар байгуулах болсон учир шалтгааны талаар ойлголттой болсны дараа намынхаа удирдах зөвлөлөөр хэлэлцэх нь зөв” гэсэн байна.