ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болно

O.Admin
2024-07-18

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон.

Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороог байгуулна. Улмаар наймдугаар сарын 12-ноос өмнө нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Тодруулбал, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, сум, нийслэл дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долоодугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.

Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Тэгвэл нам, эвсэл нь орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 25-ны дотор багтаан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг аудитын байгууллага ирэх сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ажээ.

Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэж заасан байдаг билээ.