ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

O.Admin
2024-07-26

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр  Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотовыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотов Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. Түүнчлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулалт өндөр түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэрбээр онцоллоо.

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, талууд хамтран ажиллахаа илэрхийллээ.