ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ахмад настан өөрөө хүсээгүй бол тэтгэвэрт гарахыг шаардахгүй

O.Admin
13 цагийн өмнө

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр баталсан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл доор Ахмадын үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд зохион байгууллаа.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлжээ. Иймээс төрийн бодлогын нэг хэсэг нь ахмадууддаа чиглэсэн байх ёстой гэдгийг чуулганыг санаачлагч Ж.Чинбүрэн гишүүн онцлов.

Улсын Их Хурлаас эрүүл мэнд, ахмадын нийгмийн баталгааг хангах талаарх хэрэгжүүлж байгаа бодлогын тухайд:

-2019 онд 407 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, 2025 онд 2,5 их наяд төгрөг болж зургаа дахин нэмэгдсэн

-2020 онд 37 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эмийн үнийн хөнгөлөлтийн төсөв, 2025 онд 171 тэрбум болж тав дахин нэмэгдсэн

-2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэл болон орон нутагт эмийн сан ажилладаггүй алслагдсан хэсэгт эмийн сан байгуулан ажиллуулахыг эмийн бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон зохицуулалтыг тусгасан

-УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгээр иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг байхаар тогтоож, 2025 онд 38 тэрбум төгрөгийг төсөвлөсөн

-Тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхэлсэн

-Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болжээ.

Тэгвэл 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр баталсан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онцлох заалтын тухайд:

-50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах;

- Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглосон

- Ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэж үзвэл тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг ажилтан, ажил олгогч тус тус төлөхгүй байхаар тус, тус хуульчилсныг онцоллоо.