ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

427 мянган иргэн албан бус салбарт ажиллаж байна

O.Admin
6 цагийн өмнө

Монгол Улсад 1.3 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 427.8 мянга буюу 42.4 хувь нь албан бус салбарт ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2023 онд хийсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих тогтолцооны 187 дугаар конвенцын нийцлийг үнэлсэн судалгаагаар манай улсад албан бус эдийн засаг, бичил, жижиг, дунд бизнесийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь тогтоогдсон.

Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход албан бус, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний идэвхтэй урьдчилан сэргийлэлтийг сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 70 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд зохион байгууллаа.

Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого чиглэл, хууль эрх зүйн шинэчлэл болон ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдлэг олгож, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, мэргэжил арга зүйгээр хангав.