ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: Хамтарсан Засгийн газраас гарвал сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх болно

O.Admin
6 цагийн өмнө

Хамтарсан Засгийн газрын тарах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Том төслүүдийг хөдөлгөхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулъя гэсэн саналыг УИХ-ын гишүүний хувиар ч, ХҮН-ын даргын хувиар ч дэмжсэн. Хамтрал руу явахгүй л бол Монгол Улс хөгжихгүй юм байна гэдэг зарчим дээр зогсож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлаад явж байсан. Монгол Улсынхаа 21 аймгаар гурван удаа тойрч, 360 гаруй суманд очиж иргэдтэй уулзсаны үр дүнд энэ өөрчлөлт хийгдсэн юм.

Гурван жил би явж, таван удаагийн бүтэлгүй уулзалтаас нэг нь амжилттай болж, нэмэлт өөрчлөлтийг хийж чадсан. Хамтарсан Засгийн газарт орсныг шүүмжилдэг хэсэг байгаа. Яагаад та нар хамтарсан юм бэ. Орон нутгийн сонгуулиар та нарт саналаа өгөх байсан, хотыг та нар удирдаж болох байсан гэдэг. Бид хүчтэй сөрөг хүчин байж чадах байлаа.

Илүү их санал ч авах байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол ХҮН-ын л эрх ашиг. Улс орны эрх ашиг биш байсан юм. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болчихлоо гэж шүүмжилж байгаа. Дуугүй болчихлоо гэдэг шүүмжлэлээс илүү хувь хүн, намын рейтингээс илүүтэй улс орны эрх ашиг чухал гэж байр сууриа нэгтгэсэн. Яг энэ агуулгаар хамтраад явж байгаа хоёр намд ч талархдаг.

Дэлхий ертөнц огцом өөрчлөгдчихсөн. Трампын тариф дэлхийг донсолгож байна. Гуравхан сая Монгол Улс битгий хэл 300 сая хүн амтай арабууд нэгдэж байна. Азиуд нэгдэж байна. Европчууд ч нэгдлээ зарлаж эхэллээ. Дэлхий даяар өрнөж буй энэ үйл явдал дунд хамтрал зөв байсныг хаана ч хэлнэ.

Тэгэхээр Ардын намынхан та нар хариуцлагатай байцгаа. 100 жилийн түүхтэй тулхтай улс төрийн хүчин мөн юм бол та нар намынхаа эрх ашгийн төлөө зогсох юм уу, улсынхаа төлөө зогсох юм уу. Эдийн засгийн энэ хямралын эсрэг МАН дангаараа зогсож чадахгүй. Та нар 68 суудалтай. Бүгд 68-уулаа ирээд асуудлаа шийдэж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар солигддог 1990 оны алдаа руу явж байна. Ингэснээрээ ер нь парламентын засаглал дэмий юм байна, Ерөнхийлөгчийн засаглал руу явцгаая гэдэг зүйл ярих гэж байгаа нь үнэн шүү дээ. Гадаа зогсож байгаа залуус нь үзэл бодлоо илэрхийлдэг энэ эрх чөлөө хэвээр үлдээсэй.

Парламент бэхжих хэрэгтэй байна. Хоёр хөршид нэг нам, нэг хүн засаглаж байна. Харин дунд нь байгаа Монгол Улсад олон нам засаглаж, олон хүн удирддаг байгаасай. 34-75 жил гацсан төслүүд явж байгаа нь бодит үнэн шүү. АН маань бойжиж, институцийн зарчим руугаа явмаар байна. Хамтарсан Засгийн газар үүсгээд явна гэж гарын үсэг зурчихаад зарим гишүүд нь өнөөдөр засгаас гарцгаая, сөрөг хүчин байцгаая гээд явж байна. Эх орончийн дүрээр төсөл гацаагсад одоо эрх чөлөөний үнэ цэнээр халхавчилж байгаад гацааж байна.

Олонхийн гаргасан шийдвэрийг дагахгүй бол хариуцлага ярина. ХҮН засагт байх байх эсэхээс үл хамаараад хамтрал цаашаа явах ёстой. Ардын намын Бага хурлын төлөөлөгчид байх ёстой юм байна. ХҮН хамтрал дээрээ зогсоно. Гэрээнд нэг нам дангаар шийдвэр гаргаад гарах тухай асуудал байхгүй. АН, ХҮН-ын нэг гишүүн очиж гарын үсэг зуржээ. ХҮН гишүүндээ хариуцлага тооцно. Ардчиллын зарчмаас ухарсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно.

Намын дүрмийн хүрээнд хариуцлагаа тооцоод явна аа. ХҮН, АН-ын дөрвөн гишүүн тэнд гарын үсэг зурлаа гээд энэ бол шалтаг шүү. Манай нам 17.30 цагт хуралдана. Үр дүнгээ хараад гэрээнд зурсан гурван албан тушаалтан гэрээгээ дүгнэнэ ээ. Засгийн газар тарах үндэслэл байхгүй, тийм асуудал ч яригдсангүй. Хадган дээр тавьсан урилгаа буцаавал ХҮН сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чадна. Та нар улсынхаа эрх ашгийн төлөө явж чадахгүй бол дараагийн үе чинь гарч ирнэ шүү. 2028 оны сонгуульд ялна уу, ялагдана уу хамаагүй. Үүнээс хойш Засгийн газар дандаа хамтарч явна. Дангаар явах ямар ч боломжгүй. 60-аас дээш суудал авах улс төрийн хүчин дахиж гарахгүй. АН хамтрах соёлоо ойлго. Унш, судла. Намайг яаж ч шүүмжилж болно. Гэхдээ бид үзэл бодолдоо хатуу байна. Дэлхийгээс тусдаа Монгол Улс гэж байхгүй" хэмээлээ.