Тайландын хаант улсад Элчин сайдаар сууж байсан А.Төмөрийн эхнэр 17 давхарт байрлах гэрийнхээ тагтнаас унаж амиа алдсан ноцтой осол гарсан билээ. Талийгаачийн эгч болон ар гэрийнхэн нь энэхүү ослыг амиа хорлосон, эсвэл санамсаргүй болсон зүйл гэж үзэхгүй байгаа бөгөөд МИАТ компанид үйлчлэгчээр ажилладаг, жүжигчин Б.Сэтгэлтүвшинтэй амрагийн харилцаатай байснаас болж эхнэрийнхээ аминд хүрсэн үү гэх асуудлыг хөндөж тавиад байгаа юм. Тэгвэл энэ асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны тайлбар өглөө.
Тэрбээр, Элчин сайд А.Төмөрийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Маш харамсалтай явдал болсон байна лээ. А.Төмөр сайдтай холбогдсон. Энэ хүн Гадаад харилцааны яаманд сургуулиа төгсөөд л ажилласан. Карьерын хувьд өсөж дэвшээд томилогдсон. Золгүй явдал болсон гэж өөрөө хэлсэн. Тайландын цагдаагийн байгууллагаас золгүй явдал гэж урьдчилсан дүгнэлт гаргасан юм билээ.
Гурван хүүхэд нь ээжийгээ алдаад маш хэцүү байгаа. Өөрөө ч бараг ярьж чадахгүй хэмжээнд сэтгэлзүйн гүн шоконд орсон байгаа. Ийм байхад нь асуудал болгож дэвэргээд сошлаар явж хэлэлцээд байгаа нь зохимжгүй байгаа юм. Сэтгүүлчид маань үүнийг ойлгоосой. Талийгаачийнхаа 49 хоногийг өнгөрсний дараа мэдээлэл өгөх юм билээ. Би өөрийнх нь үгэнд итгэж байгаа. Алдсан хүн арван тамтай. Талийгаачийн ар гэрт маш хүнд байгаа нь мэдээж. Элчин сайдын хувьд тэдэн сарын тэдэнд яваад тэр хоногт ирнэ гэсэн хугацаа байхгүй. Дөрвөн жилээр томилогддог. Өөрийнх нь хүсэлтийг харгалзаад нэг жилээр сунгасан байсан. Тухайн хүнийхээ нэр хүндийг харгалзаад 10-20 жилээр суусан элчингүүд ч байдаг” хэмээлээ.
Тэгвэл АН-ын сайд нар Засгийн газраас гарч байгаатай холбогдуулан тус намаас томилогдсон элчин сайд, консулын ажилтнуудыг эгүүлэн татах эсэх асуудалд “Мэргэжлийн томилгоог би чухалчилж ирсэн. Намын томилгоо бараг л хийгдэхгүй. Тиймээс энэ бодлогоо би барьдаг. Надад 50, 60 нэр ирсэн. Гэхдээ улстөржсөн томилгоог би хийхгүй. Намын томилгоо хийхгүй гэж татгалзаад явж байгаа. Судлагдсан хүмүүсийг шаардлага хангахгүй гээд буцаасан. Элчин сайд дээр нэг ч томилгоо хийгээгүй. Бусан, Эрээн, Манжуурын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний томилгоог улс төрийн намуудаас ирсэн нэрээр хийснийг бол үгүйсгэхгүй.