ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

O.Admin
8 цагийн өмнө

Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл ажиллагаагаа дүгнээд хэлбэл хэрхэн явж ирэв?

-2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Мөн энэ сарынхаа 12-нд бүрэн хүчин чадлаараа буюу 50 МВт эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 28.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. Тавдугаар сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж байна. Энэ таван сарын хугацаанд үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс дулааны улиралд хийгдэх ажлуудаа гүйцэтгээд явж байна. Жишээлбэл, авто зам, явган хүний зам, үерийн хамгаалалтын далан цутгах зэрэг ажлуудыг зургаадугаар сарын 12-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

-Батарей станц нүүрсээр ажилладаг станцаас өөр, ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг. Төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлэхээс гадна ямар үр ашигтай ажиллаж байна вэ?

-Манай станц 50 МВт-аар эрчим хүч нийлүүлэхэд оргил ачааллын үеэр 4 цаг эрчим хүч нийлүүлнэ. Бид Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг айлын хэрэглээ 2 кВт гээд бодвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангана гэсэн үг. Хамгийн чухал нь манай станц шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг буюу эрчим хүчний чадлын тохируулгад оролцдог онцлогтой. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүй эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгдэж байдаг байгаль орчинд ээлтэй станц.

-Монголд үүнээс хойш баригдах батарей хуримтлуурын станцын жишгийг танай станцаас харж болохоор санагдаж байна?

-Монгол Улсад батарей хуримтлуурын станц мэдээж шинэлэг бөгөөд маш үр ашигтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хурдан хугацаанд баригддаг. Манай станцын хувьд 2024 оны есдүгээр сарын 6-нд тендерийн гэрээ байгуулж, есдүгээр сарын 15-нд туслан гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлж, арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаад, тухайн сарын 30-ны өдөр хүчдэл залгасан байдаг. Ерөөсөө 75 хоногийн хугацаанд баригдаж, эрчим хүч нийлүүлж эхэлсэн гэсэн үг. Техникийн нөхцөлүүдээ шийдсэн байхад барих үйл явц тун хурдан. Гэтэл нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг барих болон хөрөнгө оруулалтад дор хаяж хэдэн жилийн хугацаа шаарддаг шүү дээ. Батарей хуримтлуурын станц бол өөр.

Хоёрдугаарт, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашиглаж болно гэдгийг батарей хуримтлуурын станц харуулж байгаа юм.

Гуравдугаарт, бид нийслэлийн өмчит компанийн хувьд батарей хуримтлуурын станцынхаа засвар, үйлчилгээ, бүх үйл ажиллагааг бие даан хариуцаад явдаг. Дотооддоо шинэ станцын үр шим, туршлагаа үлдээгээд, инженер, ажилчдаа ч бэлтгээд явж байна.

-Таны хэлж байгаагаар Монголд шинэ төрлийн станцад ажиллаж буй инженер, техникийн ажилчдын үлдэх ур чадвар нь юугаар ч орлуулшгүй нэг хөрөнгө оруулалт юм?

-Мэдээж монгол инженерүүд гадаад инженерүүдээс арвин туршлага хуримтлуулж байна. Одоогоор 17 ажлын байранд инженерүүдээ шалгаруулаад авсан ажиллаад явж байгаа. Залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бас нэгэн таатай үйл явдал юм.