ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалтаар хэлэлцүүлэг болов

O.Admin
5 цагийн өмнө

ЭМДЕГ-аас өнөөдөр буюу долдугаар сарын 1-2-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалт”-ын үр дүн, тулгамдсан асуудал, сургамжийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

2022 онд ЭМДЕГ анх удаа цахим хэлбэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь эрүүл мэндийн даатгалын сангийн нээлттэй, үр ашигтай зарцуулалтыг дэмжих, чанартай тусламж үйлчилгээ худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэлийн эхлэл болсон. Дараа дараагийн жилүүдэд энэхүү туршлага үргэлжлэн сонгон шалгаруулалттай холбоотой журам, жагсаалт, төлбөрийн аргачлал, санхүүжилтийн нөхцөлд хэд хэдэн удаагийн шинэчлэл, сайжруулалтыг хийж ажиллаж байна.

Хэлэлцүүлгээр 2022-2024 онд хэрэгжсэн сонгон шалгаруулалтын үр дүнг дүгнэх, түүний хэрэгжилттэй холбоотой оролцогч талуудын санал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, 2025 оны сонгон шалгаруулалтыг илүү боловсронгуй, хуульд нийцүүлэн, талуудын эрх тэгш оролцоог хангасан байдлаар зохион байгуулах үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлэгт ЭМДЕГ-ын удирдлагууд, Зөвлөх баг, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын мэргэжилтнүүд болон төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр сонгон шалгаруулалтын талаарх танилцуулга, стратегийн худалдан авалтын зарчим, оролцогчдын санал, дүгнэлт, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд маргааш буюу 7 дугаар сарын 2-ны өдөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд цахимаар холбогдон оролцох юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашигтай, үр дүнтэй зарцуулалтыг хангах, нээлттэй, тэгш боломж бүхий сонгон шалгаруулалтын орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой.