УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, УИХ-н тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцжээ.
Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр petition.parliament.mn цахим системээр гаргасныг 30 хоногийн хугацаанд 100467 иргэн дэмжжээ.
Нийтийн өргөдөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, А.Ариунзаяа, О.Алтангэрэл, С.Зулпхар, О.Саранчулуун нар уг өргөдлийг гаргасан иргэн Ц.Батболдоос асуулт асууж, хариулт авав.
Өргөдөл гаргасан иргэн Ц.Батболд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосноор УИХ-ын гишүүний бүрэн эрх тодорхой хугацаа гэдгийг онцолж, бүрэн эрх нь дуусгавар болсон үед Улсын Их Хурлын гишүүн биш иргэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр ардчилсан тогтолцоотой улс орнуудад парламентын гишүүнд бүрэн эрх нь дууссаны дараа тусгай тэтгэмж олгох зохицуулалт байхгүй гээд БНСУ-ын жишээгээр тайлбарлав.
Дараа нь гишүүд хэлэлцэж буй асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ө.Шижир Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг эрхэлж буй ажил, албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэж заасныг төр өөрөө үлгэрлэх ёстой гээд төрийн нууцтай харилцаж ажиллаж байсны хувьд бүрэн эрхээ дуусгавар болсны дараа Улсын Их Хурлын гишүүн гадаад улсын иргэн болох, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллахыг хуулиар хориглох ёстой гэсэн юм.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа уг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар баталлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүнд О.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан, О.Саранчулуун, С.Зулпхар нар ажиллахаар болов.
                  