ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

O.Admin
4 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн Дэд сайд Ли Хюүн Хуунтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЭМЯ-ны мэдээлснээр, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, жил бүр болдог байсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг сэргээж БНСУ-ын Сөүл хотод гуравдугаар сард зохион байгуулахаар боллоо. Мөн БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг талаар санал солилцож, тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улсаас БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар боллоо. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино, дунд, урт хугацааны сургалтад БНСУ-д хамруулах, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д энэ сарын 28-30-нд ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын үеэр БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар болон Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийн хяналтын газарт ажиллана.