Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны сүүлээр ОХУ-д ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр “Монголд ОХУ-ын банк салбараа нээвэл дэмжихэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн билээ.
Улмаар, шинэ он гарснаас хойш энэ яриа улам эрчимжиж, УИХ-ын дарга Н.Учрал ч УИХ-ын хаврын чуулганаар Банкны тухай хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг тодорхой болгосноор Монголд гадны банк үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бий болгоно гэж мэдэгдэв.
Тэрбээр, хөдөө орон нутагт ажиллах үеэрээ “Би гадны банк орж ирээсэй гэж боддог. Ингэж байж та бүхний яриад байгаа зээлийн хүү буурна. Манайд гадны банк орж ирэх нь хуулиар нээлттэй ч Монголбанкны журмаар хориглочихсон. Арилжааны банкууд дэмждэггүй учраас тэр. Манай дотоодын банкууд чөлөөт өрсөлдөөнөөс айдаг. Зүгээр л өндөр хүүтэй зээлээр иргэдээ шулах зорилготой. Ард түмний эрх ашигт нийцсэн бодит үр дүнтэй ажил хийх цаг нь иржээ. Банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Банкны тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай” хэмээн мэдэгдэж байв.
Эндээс харвал төрийн өндөрлөгүүдийн түвшинд энэ асуудлаар ойлголцолд хүрсэн гэж дүгнэж болохоор. Нөгөөтээгүүр, Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа С.Наранцогт ч албан ажлаа авахаас өмнө УИХ-ын томилгооны сонсголын үеэр “Би гадны банк оруулж ирэхийг дэмждэг хүн. Одоогийн нөхцөлд манайд гадаадын банк орж ирэх боломжтой” хэмээн мэдэгдсэн билээ. Мөн Сангийн Дэд сайд ч энэ асуудлыг дэмжиж буйгаас харвал банк, санхүүгийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгох, томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, ипотекийн зээлийг гацаанаас гаргах том алхам нь гадны банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх явдал хэмээн үзэж, хаврын чуулганаар томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх эхний яриа хэлцэл явагдаж эхлэв бололтой.
Гадны банк оруулж ирэх тухай яриа шинэ сэдэв биш

Банкны салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгох, зээлийн хүүг бууруулах, дотоодын банк санхүүгийн байгууллагын нийт актив, зах зээлийн эргэлтийн хөрөнгөөс давсан том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх тухай буюу гадны банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэх тухай яриа шинэ сэдэв биш юм. 2015 оноос хойш буюу үе, үеийн УИХ-аар энэ асуудал босож ирдэг ч дотоодын хэдэн банкны лобби хүчтэй явснаар тэгсхийгээд дарагддаг байлаа.
Нэмээд УИХ-д банк бус санхүүгийн байгууллагын бизнестэй, эсвэл түүнээс хамааралтай улстөрчид олон учраас өндөр хүүтэй зээлээр иргэдээ шулах, мөлжих хүсэл сонирхол нь давамгайлж байдаг учраас иймэрхүү хуулийн төслүүдийг чуулганы танхимын босгыг ч давуулахгүйгээр унагаж ирсэн нь худлаа биш. Тухайлбал, 2023 онд БНХАУ-ын “Bank of China” Монголд Хөрөнгө оруулалтын банк байгуулахаар хүсэлт гаргаж, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцсэн ч банкны салбарын хүчтэй лобби, шахалтаас үүдэн унагаж байлаа. Гэтэл “Bank of China” ч бус гадны таван ч банк Монголд төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай дотоодын гэж үздэг ХААН банкны нэг хөрөнгө оруулагч нь Японы бизнесмэн.
Худалдаа хөгжлийн банк, Хас банкинд ч гадны нөлөөлөл бий. Гэхдээ 20 хүртэл хувь л байдаг учраас сонирхол татах нь бага байдаг аж. Эндээс харвал гадны нөлөөлөл гэдэг нь тийм ч шинэ сэдэв биш. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны банкны төлөөлөгчийн газрууд нь иргэдэд үйлчлэхгүй ч энд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зөвшөөрлийг толгой банк руугаа явуулах байдлаар ажиллаж иржээ. Харин үүнийгээ өргөжүүлэн Хөрөнгө оруулалтын банк хэлбэрээр ажиллаж мөн л иргэдтэй харилцахгүй, иргэдэд зээл олгохгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгож, тухайн төслийн явцтай уялдуулж хөрөнгө оруулалт хийх зарчмаар ажиллах хүсэлт гаргадаг ч дэмжлэг авдаггүй.
Угтаа гадны банк санхүүгийн байгууллага орж ирвэл урт хугацааны хийгээд бага хүүтэй зээлээр томхон хөрөнгө оруулалтаа дэмжих, урт хугацаанд ашгаа өгдөг бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд том давуу тал үүсэх ч гэлээ дагаж гарах сөрөг үр дагаврыг бодох ёстой гэсэн дотоодын сөрөг пиар давамгайлдаг учраас энэ асуудал сөхөгдөх бүртээ дэмжлэг авахгүй унаж иржээ. Гэтэл дотоодод босгож буй бонд, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хамгийн ихдээ 18 сар, арилжааны банкуудын олгож буй бизнесийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа таван жил буюу маш бага хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй тохиолдолд урт хугацаанд ашгаа өгөх том төсөл хөтөлбөрийг хөдөлгөх, түүнд санхүүжилт олгох ямар ч боломж харагдахгүй байгаа юм.
Эрсдэл болон давуу тал нь юу байх вэ

Монголд өнөөдрийн байдлаар арилжааны 10 гаруй банк тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нийт актив 2023 оны дүн мэдээгээр 49.5 их наяд байсан бол 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар буюу 2025 оны жилийн эцсийн Монголбанкнаас гаргасан дүн мэдээгээр 85.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дотор 19.9 хувиар тэлэхээс гадна өмнөх 10 жилтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
Улсын төсвийн нэгдсэн орлоготой харьцуулахад 2.6 дахин их байгаа бөгөөд Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээтэй харьцуулахад зургаа дахин их байгаа нь арилжааны банкны зээлд аж ахуйн нэгж, иргэд ч өнөө хэр найдсаар буйг харуулж буй тоо.
Түүнчлэн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Системийн нөлөө бүхий таван банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 8.5 их наядаар нэмэгдсэн байна. Тэр дундаа Худалдаа хөгжил, Голомт банкны актив өндөр өсөлттэй байгаа. Манай улсад банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байдаг ба банкууд уг шаардлагаасаа харьцангуй өндөр буюу 16 хувьд барьж байгаа учир эрсдэл даах чадвартай” хэмээн дүгнэжээ. Нөгөөтээгүүр, Монгол Улсад өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 573 ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд зээлийн хүү нь 40 хувь болж өссөн ч зээлдэгч нь өнгөрсөн оны байдлаар 5.3 сая болж эрчимтэй өсчээ. Энэ нь нэг иргэн нэлээд олон ББСБ-д давхар зээлтэй гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагууд 2025 онд гэхэд л 5.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд өндөр хүүтэй олгосон гэхээр энэ салбарт өрсөлдөөн зайлшгүй хэрэгтэй гэдгийг харуулж буй тоон үзүүлэлт мөнөөсөө мөн. Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувьтай тэнцэж байна гэчихвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй. Үндсэндээ иргэд зээлээс зээлийн хооронд, тэр тусмаа өндөр хүүтэй ипотек, машины зээл, арилжааны банкинд цалингийн зээлээс гадна гар утасны аппликейшны зээлийн хүүд өдрөөс өдөрт дарлуулсаар байна. Эндээс гарах гарц нь чухамдаа гадны банк бус санхүүгийн байгууллагыг оруулж ирэх явдал бөгөөд ингэснээр ядахдаа л өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурна гэж харж болох нь ээ. Дэлхийн бусад улс оронд гадны банк орж ирснээр зээлийн хүү 3-4 пунктээр буурдаг гэсэн олон улсын судалгаа байдаг аж. Гэтэл Монгол Улс нь хамгийн өндөр зээлийн хүүтэй 20 улсын нэг, хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй 10 улсын нэг. Тэгсэн атлаа гадны банк орж ирээгүй цөөхөн улсын нэг бөгөөд Хойд Солонгос, Иран, Куба, Туркменистан, Монгол зэрэг улс орнуудад л гадны банк орж ирээгүй байгаа юм.
Төв Азийн улсаас гэхэд Туркменистан, Монгол гэсэн хоёр улсад гадны банк орж ирээгүй бол бидэнтэй ижил тэгш гараанаас гарсан гэх Казахстан улсад ес, Узбекстан улсад зургаан гадны банк нээлттэй үйл ажиллагаа явуулж, чөлөөт өрсөлдөөн бий болгож байна. Тэгвэл банк, санхүүгийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн бий болгох гадны банк оруулж ирэхдээ ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстойг тухайлсан хууль дүрмээрээ зохицуулж өгөх ёстойг эдийн засагчид сануулж буйг анхаарах нь зүйн хэрэг биз ээ. Тодруулбал, хүн ам цөөхөн, экспортлогч бус импортлогч манайх шиг жижиг улсад гадны банк арилжааны хэлбэрээр ажиллаад ашиг олох нь бага.
Тийм учраас хөрөнгө оруулалтын хэлбэрээр буюу хамгийн том корпораци, том төслүүдэд зээл олгох байдлаар өрмийг нь хуу хамдаг буруу жишиг байдаг аж. Тэр тусмаа уул уурхайг тэд хамгийн түрүүнд онилох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд мөнгөний бие даасан бодлого буюу ашиг нь дотоодод үлдэх боломжгүй. Гадны банк манай улсын Төв банкны бодлогоор явахгүй бөгөөд томуудыг сорчилж түүгээд эсрэгээрээ банк санхүүгийн байгууллагыг санхүүгийн хямралт нөхцөл байдал руу оруулж мэдэх учраас хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгээ тодорхой болгохыг эдийн засагчид сануулж байна.
Үүнээс гадна тухайн улсын төрийн өмчийн оролцоотой банкуудад ч мөн болгоомжтой хандах учиртай. Салбар нэгжүүд ч толгой компаниас хөрөнгө оруулалтаа шууд татах ч гэлээ Төв банкны хяналт сул байдгийг анхаарах биз. Харин охин компани байгуулж орж ирсэн тохиолдолд Монголбанк бүрэн хяналт тавих боломжтойгоос гадна бидний хүсээд буй зээлийн хүү буурах, эх үүсвэр нэмэгдэх, иргэд сонголттой болох, гацаанд орсон ипотекийн зээл хөдлөхөөс гадна Монгол Улсад орлогоо төлөх, дотоодын банкуудтай ижил төрлийн үйлчилгээ үзүүлснээр чөлөөт өрсөлдөөн бий болох боломж бүрддэг давуу талтай ажээ.
Долоон улсаас сонирхлоо илэрхийлсэн үү

Хаврын чуулганаар Банкны тухай хууль орж ирэх асуудал хүчтэй яригдахтай зэрэгцэн гадны банк хэрэгтэй, хэрэггүй гэх маргаан ч төрд өрнөж байна. Энэ нь маш зөв. Нэг талдаа иргэд зөв мэдээлэлтэй болно. Нөгөө талдаа хүч түрсэн, хэтэрхий хөнгөн хуумгай, хийсвэрээр сэтгэсэн алдаа маань дотоодын банк, санхүүгийн салбарын хөгжлийг ч удаашруулах, бүр татан унагах ч эрсдэлтэй учраас долоо хэмжиж нэг огтлох нь зүйн хэрэг билээ.
Тиймээс улс төрийн намууд, эдийн засагчид, судлаачид энэ хүрээнд маш өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж байж, гадны банкинд үүд хаалгаа ямар хэлбэрээр нээх вэ, эсвэл бүр нээхгүй үлдэх үү гэдгээ шийдэх ёстой юм. Тэгвэл Банкны тухай хуулийг өөрчлөх сэдэв яригдахтай зэрэгцэн манай улсыг сонирхож буй гэдгээ Япон, Солонгос, Их Британи зэрэг долоон улс илэрхийлсэн бөгөөд тэдний нэг нь Унгар улсын “OTP Bank” Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал нэг хувьцаа эзэмшигчид тавьдаг хязгаарлалт, зарим хэт ерөнхий зохицуулалтууд болон эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж мэдэгджээ. “OTP Bank” нь Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбартай, Будапештийн хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Гадны банк санхүүгийн байгууллагад үүд хаалгаа нээх үү, эс нээх үү гэдэг сэдвийн хүрээнд талууд ямар байр суурь илэрхийлж буйг тоймлон хүргэе.
Сангийн Дэд сайд Б.Хулан: Зээлийн хүү өндөр байгаа суурь шалтгаан нь банкны эх үүсвэрийн зардал өндөр байгаатай холбоотой. Гадаадын банкны тухайд тодорхой нөхцөлд, ялангуяа өөрийн эх орны зах зээл дээр урт хугацааны, хямд өртөгтэй эх үүсвэрт нэвтрэх боломжтой банкууд Монголын зах зээлд орж ирвэл зээлийн хүү харьцангуй доогуур байх бодит боломж үүснэ.
Гадаадын банкууд дотоодын сайн зээлдэгчдийг “cherry pick” хийх, улмаар дотоодын банкууд эрсдэл өндөр, DD их шаарддаг харилцагч нарт үйлчилж, зарим салбарт хүү илүү өндөр болох эрсдэл байхыг үгүйсгэхгүй ч улс орнууд үүнийгээ янз янзаар зохицуулаад л ирсэн байдаг. Мөн гадаадын банкууд хатуу валютаар эх үүсвэр оруулж ирэх нь санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх эерэг нөлөөтэй байж болох л юм. Үүнийг дагаад ханшийн эрсдэлийг удирдах hedging хэрэгсэл, FX swap, interest rate swap зэрэг дериватив зах зээл хөгжих суурь тавигдана.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Гадаадын банкийг урьж оруулж ирэх нь зээлийн хүү буурах эерэг талаа хэт давсан эрсдэлтэй. Дотоодын банкууд гадны аваргуудтай өрсөлдөж чадалгүй зах зээлээ алдана. Дотоодын банкгүй болно гэсэн үг. Гадаадын банкууд бага хүүтэй зээлээр дамжуулж, Монгол Улсын гол салбаруудыг хяналтдаа авах, барьцаа хөрөнгүүд гадагшаа урсаж эдийн засаг бүхэлдээ гадаадын нөлөөнд орно. Гадаадын банкны ашиг Монголд үлдэж эргэлдэхгүй. Гадагшаа л гарна. Монгол банк гадаадын банкнуудыг бүрэн хянаж чадахгүй.
Сангийн сайд Б.Жавхлан: Амьдралд хамгийн ойр бидний тулгамдсан асуудал гэвэл банк санхүүгийн салбарын шинэчлэл. Монгол Улсын санхүүгийн зах зээлд гадны банк, гадны хөрөнгө оруулагч нарыг шинээр оруулж ирэх, өрсөлдөөнийг дэмжих нь чухал. Үр дүнд нь хэрэглэгч урт хугацаатай, хямд, бага хүүтэй эх үүсвэр буюу сайн санхүүгийн бүтээгдэхүүн авч чадна.
Энэ асуудлыг маш олон жил ярьж байгаа. Дотоодын банкууд өрсөлдөөнд бэлэн байна уу гэх мэтээр таатай хандаж ирээгүй. Гэхдээ эцсийн дүндээ хэрэглэгч ялах ёстой. Хэт холын буюу барууны том банкууд биднийг тоохгүй. Тэгж биеэ тоогоод хэрэггүй. Харин Зүүн Европын орнууд буюу манай бүс нутагт сайн ажиллаж байгаа банкуудыг сонирхож урилга өгч байна. Унгарын ОТП банктай уулзлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай мөн уулзлаа. Манай Төв банкныхан энэ талаар маш идэвхтэй ажиллаж байна.
Хуульч О.Батхүү: Гадны банк оруулж ирэхийг 100 хувь дэмжиж байгаа. Гадны банк оруулж ирнэ гэхээр ерөөсөө Монгол Улс гэж байхаа болих нь ээ. Хамаг юмаа барьцаанд тавиад дуусах нь ээ гэж айлгаж ирсэн. Тархи угаалт олон жил явсан. Гэтэл өнөөдөр дотоодын банкууд ямар байна вэ. Орон сууцны зээл олдохгүй. Тэтгэвэр, цалингийн зээл хамгийн өндөр. Тиймээс гадна, дотны банкны хэн нь байлаа ч бидэнд бага хүүтэй, урт хугацааны зээл л хэрэгтэй. Монголын банкууд дотоодын зах зээлээ гадна талдаа хааж байгаад бидэнд өндөр хүүтэй зээл тулгаж байгаа нь үнэн.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Хаанаас ямар банк оруулж ирэх вэ гэдгээ бодох нь чухал. Бидний хүсээд байгаа зээлийн хүү буурах уу. Үндэсний банк санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэх вэ. Эцэст нь жирийн иргэн, жижиг аж ахуйн нэгжүүдийн хүсээд байгаа үйлчилгээг үзүүлэх үү гэдгийг судлах нь зүйн хэрэг. Хөрөнгө оруулагчдад таатай бус улсад хэн орж ирэх вэ гэдгийг ч ярих ёстой.
Эдийн засагч Р.Даваадорж: Ийм замбараагүй, сахилга батгүй улсад орж ирж мөнгөө тараах улс байхгүй. Эргүү хүн л байж магадгүй. Монголд зээлийн хүү өндөр байна. Дэлхийн хамгийн өндөр хүү буюу мөнгө хүүлэлт Монголд л байдаг. Түүнийг хянах хууль ч байхгүй. Гэхдээ гадны банк орж ирээд зээлийн хүүг бууруулна гэж байхгүй ээ. Гадны банк ашгаа л бодно. Гэтэл ийм том авлигатай, мөнгө хүүлэлттэй, хууль тодорхой бус улс руу мөнгөө барьж орж ирэх хүн байхгүй.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
