НИТХ-ын ээлжит VI хуралдааны II хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, хуралдааны дэгийн дагуу хурлын хороод болон бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг санууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.
НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа бодлогын баримт бичигт ажил, арга хэмжээг тооцоо судалгаатай, эдийн засгийн үр өгөөжтэй байх талаас төлөвлөх, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, сайжирч байгааг дүгнэх, төлөөлөгчдөд хийж хэрэгжүүлсэн ажлаа бүрэн тайлагнаж, дүгнэхэд дэмжлэг үзүүлж, хариуцлагатай ажиллахыг цаашид анхаарах талаар гаргасан хорооны гишүүдийн санал, дүгнэлтийн танилцуулав.
НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа бодлогын бичиг баримтыг иргэд олон нийтэд ойлгомжтой байдлаар төлөвлөх, олон нийтэд нээлттэй, мэдээллээр хангах, төлөвлөлтийн байдалд анхаарал хандуулах зэрэг хорооны гишүүдийн гаргасан санал дүгнэлтийг танилцууллаа. Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Мөнхбаатар Нийслэлийн бодлогын бичиг баримтын ажил, арга хэмжээ Засгийн газрын бодлоготой уялдаатай байх, бодлогын газрын дарга нар хариуцсан ажил бүртээ анхаарах, инновац, хүнс хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллах талаар гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт буюу дараах гурван дэд асуудлыг хэлэлцэж байна.
-Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
-Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт
-Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга
