“Х түц” хамтлагийн “Сэргээш” хошин зохиомжид хэлдэгчлэн “Нэг бол яая гэхсэн. Хоёр бол засаад авахсан. Гурвын гурван гахай шүү дээ” гэдэгчлэн “Шинэтгэлийн” гэж нэрлэсэн Г.Занданшатарын удирдсан Засгийн газарт нэг биш нэжгээд сайд нар Ерөнхий сайд хийгээд танхимынхаа нэрийг баастах болоод удлаа. Өмнөх Засгийн газраа тонгорч, зүсэм бялуу хүртсэн хэд, хэдэн сайд нар хариуцаж буй салбараа байтугай өөрийн биеэ ч зөв авч явж чадахгүй гэдгээ харуулсаар байгааг нуух юун.
Ганц нэгхэн сайд ч бус нийтээрээ шахуу л ажлаа хийж чадахгүй, асуудлаа эрэмбэлж ойлгохгүй атлаа шүүмжлэл хэлсний төлөө уурлаж гүйж, эрхэлж тунирхаж, албатай биш энэ ажлыг чинь өгчихөж чадна гэж шилбэлзэж гүйх болсоор удлаа. Эр нөхөртөө уурлаж өглөө бүхэн хамаг хувцсаа аваад төрхөмдөө гүйдэг бэр шиг л салбарынх нь болохгүй, бүтэхгүйг хэлсэн сэтгүүлчдийг өндөр мөнгө авч зохион байгуулалттай намайг харлууллаа гэж уурлаж, эсвэл огцруулах асуудлыг гаргасан улстөрчдийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон сууцгаах болжээ, тэд. Начир дээрээ тэд ажил хийнэ гэж, асуудлыг шийднэ гэж энэ албанд өөрсдөө гүйж очсон.
Төрийн ордонд гурав, дөрөвдүгээр араандаа хийж гүйсээр нэг засгаас нөгөө рүү шилжиж үлдсэн нь цөөнгүй байх. Өмнөх Ерөнхий сайдынхаа араас “хутгалан” барин байж, албатайгаа зууралдаж үлдсэн нь ч бас үнэн. Хэн ч тэднийг хүчээр тэнд суулгаагүй. Гэтэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хэлсэн шиг сайдын албан тушаалыг ял гээд ойлгочихсон хүмүүс энэ танхимд олуулаа сууж, ажил хийх гэж зүтгэж яваа Ерөнхий сайдыгаа муухай харагдуулж байгааг нуугаад яахав. Зарим нь сэлэмний ир болно, шударга ёсны төлөө зүтгэнэ гэж уран донгодчихоод тэр ажлаа ч ор тас мартчихсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа уралдан рийл хийх уралдаанд оролцоод зав алга.
Г.Дамдинням үс зүсэндээ анхаарч, Т.Доржханд хундага эргүүлж явна уу

Намаржин найрлаж наадамлаж, MCS-ийн ойн наадамд зочны хойморт уригдаж, албан тушаалаа фэйсбүүк, нэрийн хуудсанд хэрхэн бичих вэ гэсэн өнгө үзэмжийн гоё харагдацад л анхаарч явсан Г.Дамдинням сайдын удирдсан салбар хэдэн сар иргэдээ шатахуун түгээх станцын гадна очерлуулав.
Шатахуунтай болохын тулд иргэд намаржин, өвөлжин шөнөжин очерлож, байсхийгээд л улсаараа зам дээрээ хонох шахуу урт очер үүсгэж байхад эрхэм сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний үс зүгээр харагдаж байна уу” хэмээн инээж ханиачихсан явж байсан нь туйлдсан иргэндээ өгч буй томоос том “салаавч” байсныг нуух юун. Бүхэл бүтэн тусгаар улс атлаа шатахуун нөөцлөх агуулах ч байхгүй, нефть импортлогч хэдхэн аж ахуйн нэгждээ “бөлдөгдүүлчихсэн” эрдэс баялгийн салбарыг Г.Дамдиннямаас арай илүү зангарагтай, туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон улстөрчид даатгах болов уу гэж харж байсан ч тийм зүйл болоогүй.
Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг унагахад оройлон гүйсэн шагналд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бэлгэнд авсан туршлага муутай улстөрч хойд, урд хөрштэйгөө шатахуун нийлүүлэлтийн асуудлаа ч ярилцаж чадахгүй дэмий л яам хавиараа хөөрцөглөж гүйсээр байна. Аргаа барахдаа хойд хөрш рүү Ерөнхий сайд өөрөө очиж шатахууны нийлүүлэлтийн асуудлыг ярилцаад ирсэн бол тун удахгүй эрчим хүч, шатахууны асуудлаар УИХ-ын дарга Н.Учрал хойд хөрш рүү явах сураг дуулдаж эхлэв.
Гэтэл Г.Дамдинням сайд энд ард түмэн нь түлшинд очерлож байхад Ерөнхийлөгчийн айлчлалд багтчихсан гоё инээчихсэн рийл хийгээд завгүй явсныг нуух юун. Цаашдаа бид нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулж, дан ганц хойд хөршөөс хамааралтай байгаа зах зээлээ тэлэх, хараат байдлаас гарахгүй л бол улсаараа жилийн дөрвөн улиралдаа шатахуун очерлож, Бурунди улс шиг шатахуундаа 2-3 өдөр очерлож, цахилгаанаа өдөрт 2-3 таслуулдаг байдал хэвшмэл болохгүй гэсэн баталгаа алга. Тэгвэл эрчим хүчний салбарт реформ хийгээд энэ салбарыг өндийлгөөд өгнө гэж амласан Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний үнийг нэмүүлэх лоббиг өнгөрсөн хугацаанд хийж, 500 гаруй тэрбумыг олсон ч бодит нөхцөл байдал өөрчлөгдөх бус улам дордсоныг бид өдөрт 2-3 удаа тог таслуулахдаа мэдэрч байна.
XXI дүгээр зуунд харанхуй хотод лаа барьж, лифтэндээ иргэд нь гацаж байхад эрчим хүчний салбараа сэхээнээс гаргана, реформ хийнэ гэж амлалт өгч, хоёр жил гаруй сайдын суудалд тухалсан эрхэм сайд харин Төрийн ордонд согтуу морилдог тухай ангийнх нь нөхөд жиргэх болжээ. Төрийн түшээ хүн лавтай нэгийгээ баримтгүй зүйлээр гүтгэхгүй байх.
Тухайлбал, Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндөж, албан бланк дээрээ бичиг хүргүүлнэ гэж мэдэгдсэний дараа Т.Доржханд сайд “Улс төрөөс өнөөдөр ч гараад явж чадна. Гэхдээ энэ улс орны төлөө хэн зүтгэх вэ. Мояачууд лав биш. Мояа, ояа нар өөрсдөө эхэлж өддөг шүү. Дараа нь битгий гоншигоноод байгаарай” хэмээн айлгах, тунирхахыг хослуулан уурлаж гүйсэн бол Ө.Шижир гишүүн хариуд нь “Би хэмжээгээ мэднэ. Та харин Төрийн ордонд согтуу ирж, согтуу гарахаа болиорой” хэмээн хариу жиргэх нь тэр.
Уг нь Монголоос өөр ёсзүй гэж мэддэг улсад бол энэ жиргээний төлөө Т.Доржханд уучлал гуйгаад ажлаа өгөх ёстой. Эс бөгөөс гүтгүүлсэн бол ёсзүйн асуудлаар мэдээлэл хийх учиртай байлаа. Гэтэл “Эрчим хүчний үнэ нэмсэн тулдаа л өдөрт хоёр цагаар тог тасалж байна шүү. Нэмээгүй байсан бол зургаан цагаар тасрах байсан юм” хэмээн ядарсан иргэнээ даапаалж ярилцлага өгчихөөд сууж байна.
“Аав руу залгаад өгөөч” гэж айж уйлах хүүхэд хүртэл Б.Чойжилсүрэнгийн эсрэг ажилласан гэнэ үү

Яаралтай заалтаар ээж нь хагалгаанд орж байтал тог тасарсан тухай пост хийсэн иргэн, сургуулиасаа тараад гэртээ ирж яваад лифтэнд гацсан хүүгийн ээжийн бухимдал, “ахаа та аав руу залгаад өгөөч, тог тасарчихлаа, бид гурав айгаад байна” хэмээн уйлах жаалхан хүүхдүүдийн бичлэгийг хийж тавьсан иргэн бүхэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эсрэг мөнгө авч гүтгэж буй юм байх аа. Тэр ингэж хэлсэн юм. “Та яагаад ажлаа хийж чадахгүй байгаа юм бэ.
Та энэ салбарт яагаад өөрчлөлт хийж чадахгүй байгаа юм бэ. Намаржин, зунжин юу хийсэн болоод, энэ салбарт өөрчлөлт гарсангүй вэ. Эрчим хүчний салбарын нэмэгдлийн мөнгө хаашаа алга болов. Энэ бүхнийхээ төлөө та хариуцлага хүлээхгүй юм уу” гэсэн энгийн иргэн бүхний асуухыг хүссэн асуултыг сэтгүүлчид түүнээс асуухад “Улс төрийн зорилгоор асар өндөр зохион байгуулалтаар миний эсрэг дайрч байгаа. Би тэрийг мэдэж байна. Би энэ улс төрөөс, сайдын суудлаас хэзээд ч буухад бэлэн. Надад албан тушаалд хоргодоод байх шалтгаан алга” хэмээн уурлах нь тэр.
Б.Чойжилсүрэнгийн бодлоор бол гэртээ тогоо таслуулаад бухимдаж буй иргэн бүхэн зохион байгуулалттай дайрч, түүнийг албанаас нь салгах улс төр хийж байгаа юм байх аа. Уг нь иргэд тулгарч буй бэрхшээлээ бичсэн, наад захын хэрэглээг хангаж чадаагүй салбарын сайдаас ажлын хариуцлага л нэхэж байгаа асуудал. XXI дүгээр зуунд хөгжиж буй гэх улс орондоо Африкийн хамгийн хөгжил дорой, буурай Бурунди улс шиг амьдарч байгаадаа л бухимдсан хэрэг биз дээ.
Гэтэл ажлаа хийж чадахгүй ард иргэдээ бухимдуулсан намайг уучлаарай гэж хэлэх нь байтугай миний эсрэг зохион байгуулалттай дайрлаа, мөнгө авч намайг гүтгэлээ гэж тунирхдаг сайдтай энэ улсын ирээдүй ер нь яана вэ. Гуравхан сая иргэнээ ингэж хүлцэнгүй, ядуу, чадуу амьдруулж чадна гэдэг өөрөө гайхамшиг биз дээ. Гэтэл Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага тооцоод албанаас нь зайлуулах ёстой Ерөнхий сайд нь “30 хоног чамайг харж үзэхээр шийдлээ” гэж яриад сууж байгаа нь өөрөө асар том доромжлол шүү. Ерөнхий сайд энэ мэт асуудалд өөрөө зангараг зааж, хариуцлага ярьсан шиг ярьдаг, чадвал чадсан шиг чад, чадахгүй бол ажлаа өгөөд зайл гэж явуулж чаддаг байхыг л иргэд хүсээд байгаа юм. Монгол Улсад энэ салбарын учир зүйг олоод, ирэх жилүүдэд өөрчлөлт шинэчлэлт хийсэн шиг хийгээд явчих цөстэй, зоригтой улстөрч олон байгаа.
Номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь уучихсан мэргэжлийн хүмүүс ч олон бий. Лавтай Б.Чойжилсүрэн шиг өөрийнхөө барьсан хороолол руу тог татуулах ажлыг хийсээр бүрэн эрхээ дуусгахгүй байх шүү. Ерөөс энэ улсад сайдын албаа ял гэж ойлгочихсон, аль эсвэл нийтэд гоё харагдахад л анхаарч рийл хийж өрсөлдсөн хэдэн сайд, даргатай л улс болов, бид. Нийтээрээ эдийн засгийн хямралд өртөж, нэг ч том төсөл урагшлахаасаа өнгөрч, Рио Тинтотой ч хэлцэлд орж чадахгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь “Амьдрал яг толь шиг. Хэрэв та инээмсэглэвэл таны өөдөөс инээмсэглэх болно” гэсэн пост бичиж суух нь бидний өөрсдийн төрх хийгээд хувь заяаны шоглоом гэлтэй.
Ард түмний амьдрал хагарсан толь мэт болчихоод байхад асуудлыг шийдэх учиртай сайд нь Хотын захиргаан дээр оччихсон сэтгүүлчийн ажил өмнөөс нь хийгээд явж байгаа нь өөрөө хэрхэвч зөв замаар явахгүй байгааг харуулж буй хэрэг шүү. Аймшигт гэмт хэргүүд ар араасаа гарч, нийгэм өөрөө буруу зүг рүү явчихаад байхад сэлэм эргүүлэх сайд маань рийлийн уралдаанд оролцоод явж буй нь өөрөө буруу байгаа юм. Эдийн засгийн нэг ч том шийдэл байхгүй, мөнгөний үнэ цэн улам бүр унаж, мега байтугай метрийн даавуу ч борлогдохгүй, хөрөнгө оруулалт ор тас алга болчихоод байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь тойргоо тойглож, том улстөрчийн суганы үс болж яваа нь өөрөө доромжлол. Ажлаа хийгээч гэж бичихээр асар том бүлэглэл, мөнгөөр дайрлаа гэж эрхэлж тунирхдаг ийм сайд нартай энэ улсын ирээдүй хаашаа явах вэ, нөхөд өө. Монгол Улсыг хөгжүүлээд өгөөч гэж хүссэн иргэн бүхнээ намайг гүтгэгч, мөнгөөр хөдлөгч, бүлэглэлийн гар хөл гэж үздэг, би энэ албанд чинь гуйж ирээгүй гэж уурласан энэ олон дарга нараасаа бид юу хүлээх вэ. Монголд ажил хийдэг нь биш рийл хийдэг нь гоё харагддаг болсон ийм нийгмээс ер нь ямар ч үр дүн гарах билээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
