ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ-аа 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

O.Admin
2 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны нэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 897 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн гурав, мөрдөн байцаалтын нэг хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагаас дөрвөн хариу хүлээн авав.