ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бараг л сөнөчихсөн гэж өрөвдүүлж байгаад боловсон дээрэм хийчих вий дээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
7 цагийн өмнө

УИХ-ын хаврын чуулган тун удахгүй эхэлнэ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлт үүсгэсэн хэд, хэдэн хуулийн төслүүд дотор төрийн өмчид хамаарч буй 18 хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд гаргах хуулийн төслөөс гадна ирэх гурван жилийн хугацаанд төрийн мэдлийн компаниудыг үе шаттай хувьчлах асуудал анхаарал татаж байна.

Тодруулбал, Засгийн газраас УИХ-д оруулж ирж батлуулсан хуулийн төсөлд 18 аж ахуйн нэгжийн 10-66 хувийг олон нийтэд хувьцааг гаргах байдлаар буюу 3.3 их наяд төгрөгөөр борлуулах санал гаргаж батлуулав. Мөн найман компанийг бүхэлд нь худалдаж, нэгтгэнэ.

Төрийн данхагар бүтцийг задалж, өмч хувьчлал явагдах нь зөв ч гэлээ энэ асуудлын цаана төрийн өмчийг үнэгүйдүүлэх зарчмаар маш хямдаар хувьд өгдөг, эрх мэдэл, албан тушаалд ойрхон хүмүүс давуу эрх эдэлж хувьчилж авдаг боловсон дээрэм явах вий гэсэн болгоомжлол байгааг нуух юун. Тиймдээ ч арванхоёрдугаар сарын 31-нд завсарласан намрын чуулганы төгсгөлд сөрөг хүчин буюу АН-ын гишүүд энэ асуудалд тун нямбай хийгээд няхуур хандсанаар хувьчлах асуудал хаврын чуулганы хэлэлцэх асуудал руу шилжсэн ч эхний ээлжинд хувьчлагдах 18 хуулийн этгээдийн дотор эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн компаниуд багтаж, тэр хэрээр эрчим хүчний салбарт өнгөрсөн өдрүүдэд юу болж өнгөрснийг нэхэн санахад гэмгүй биз ээ.

Угтаа хамаг тоног төхөөрөмж нь муудсан, хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхэд бэлэн болчихсон, ямар ч ачаалал даахаасаа өнгөрсөн гэсэн сүржин пиар, ар араасаа тог тасалж арга чаргаа барж буй мэт харагдсан энэ бүхний цаана төрийн өмчийг үнэгүйдүүлэх байдлаар хувьчлал явагдах вий гэсэн хардлага сэрдлэг байгааг ч сануулахад гэмгүй билээ. Монгол Улс чөлөөт, ардчилсан зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 35 жилийн хугацаанд таван удаа хувьчлал хийсэн бөгөөд энэ удаагийнх нь зургаа дахь хувьчлал юм. Төрийн өмч бол ард түмний өмч. Тиймээс ард түмний өмчийг хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр эсвэл үнэгүйдүүлэхгүйгээр буюу хувьчлал  нь нээлттэй, ил тод явагдсан уу гэдгийг хянахгүй бол цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдсэн хувьчлал явах вий гэдгийг УИХ-ын түвшинд ч гишүүд сануулж, ярьж буй нь талархууштай. Өнгөрсөн 35 жилд явсан таван хувьчлалын талаар та бид хэр их мэдээлэлтэй байсан бэ гэдгээ ч энэ өдрүүдэд санаж, сэрэх нь юу, юунаас илүү чухал байгаа юм.

Цэнхэр, ягаан тасалбарын алдааг дахин давтах уу

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн профессор Д.Гэрэлмаа “Bloomberg” телевизийн дэргэдэх Эдийн засагчдын клубын өмч, хувьчлал сэдвээр бэлтгэсэн хэлэлцүүлэгт оролцох үедээ “Бэлтгэл нь хангагдаагүй учраас би үүнийг мөрөөдлийн жагсаалт гэж нэрлэнэ. Хууль эрхзүйн орчин тодорхой болчихсон, засаглалын хувьд хэдэн хувь нь шилжих гээд байгаа юм гэдгээ эхлээд тодорхой болгох буюу үе шаттай явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тус хэлэлцүүлэгт оролцсон олонхи эдийн засагчид төр хамаг шим шүүсийг нь сорж, ашиггүй болтол нь эдэлчихээд гэнэтхэн хувьд гаргана, хувьчилна гэж байгаа нь буруу гэж дүгнэжээ. Өмнө хэлсэнчлэн, Монгол Улс таван удаагийн хувьчлалаар 2100 гаруй аж ахуйн нэгжийг хувьчилж, тэндээс 278 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн гэдэг ч ямар зарчмаар, хэр шударга явагдаж, тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ гэдэг нь тодорхойгүй хэвээр буй.

Зах зээлийн тогтолцоонд шилжсэний дараахан явагдсан төрийн өмчийн хувьчлалаар нийт иргэндээ цэнхэр, ягаан тасалбар гэгчийг тарааж өгсөн нь ядарсан хэдэн иргэд нь атга гурил, мах тэргүүтнээр солиод өнгөрсөн. Зарим нь түүнийхээ үр ашгийг ч үзэж чадахгүй явсаар саяхан л цэнхэр, ягаан тасалбартай эсэхээ шалгаж үзэж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүссэн ч ямар ч үр ашиггүй болсон байсан билээ. Тэгвэл яг энэ алдааг давтах гэж байгааг ч мэргэжлийн хүмүүс сануулж буйг улстөрчид тэр дундаа парламент анхаарч үзэхэд гэмгүй билээ.

Тухайлбал, "OpenmindMSE"-ийн үүсгэн байгуулагч Б.Ганбаяр мөн л "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа “1993 оноос 2005 он хүртэл явсан өмч хувьчлал, цэнхэр ягаан тасалбарын алдаагаа яг одоо дахиад давтах гэж байна. Энэ алдааг давтаж болохгүй. Тиймээс хуулиас давсан журмуудаа шинэчлэх ёстой. Заримыг нь хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Компаний тухай болон Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тухай хуулийг яаралтай өөрчлөхгүйгээр яг одоо байгаа энэ чигээр нь нээлттэй хувьцаат болговол алдаа болно.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин өнөөдөр Монгол Улсад байхгүй. Эсрэгээрээ жижиг хувьцаа эзэмшигчийг хавчиж, боох агуулгатай заалтууд олон учраас эрхзүйн өөрчлөлт хэрэгтэй. Би таван хувь эзэмшигч боллоо гээд нээлттэй болсон компаний ТУЗ-д орох боломж одоогийн хуулиар байхгүй. ТУЗ-д орж чадахгүй юм бол бага хувь эзэмшиж байгаа иргэнд ямар ч үр ашиггүй. Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж саяхан нээлттэй хувьцаат компани болсон. Гэтэл эдгээр компаний ТУЗ-д нэг ч жижиг хувьцаа эзэмшигч байхгүй байгаа.

Асуудал оруулах эрх нь ч хуулиараа хориотой байна” хэмээжээ. Тэгэхээр иргэн Дорж, Дулмаа нар хувьд гарахаар бэлтгэгдэж буй МИАТ компаний хувьцаанаас таван хувийг эзэмшлээ ч орж ирэх мөнгө байхгүй, асуудал хөндөх эрхзүйн орчин байхгүй, компаний ТУЗ-д суух хууль эрхзүйн орчингүй учраас олдсон, авсан хувьцаагаа илүү мөнгөтэй нэгэнд таван төгрөгөөр ахиу арилжаалах байдлаар явсаар ганцхан хүн дааж давшгүй их хувьцаа эзэмшигч болж, төрийн өмчийг хувьдаа авдаг 1990 оны хувьчлалын алдаа давтагдах нь ээ гэсэн болгоомжлол үнэний ортой дуулдаж буйг нуух юун. Нөгөөтээгүүр, дөнгөж хөгжиж буй Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг 1990 оны байдлаасаа өөрчлөгдөж чадсан уу гэдгийг ч хөндөх ёстой болж байна. Төр нэгэнт хувьчлал эхлүүлсэн бол өмнөх шиг чимээгүй, эсвэл хэт хөөсөрсөн байдлаар бус иргэндээ бодит ойлголт, мэдлэг өгөх, хувьчлалын давуу тал болон сөрөг үр дагаврын талаар нэгдсэн мэдээлэл ойлголт өгч эхлэх нь зөв юм.

23 их наядын өртэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хэн авах вэ

Монгол Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар Төрийн өмчийн 101 компани, үйлдвэрийн газрууд бүртгэлтэй байгаа бөгөөд нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байна. Эдгээрээс эхний ээлжид 18 хуулийн этгээд хувьчлалд орох гэж байгаагийн дотор өнөө жил түүхэн ойгоо хийж буй МИАТ компани, өнгөрсөн 2020 онд ойгоо тэмдэглэсэн “Эрдэнэс Тавантолгой” компани ч багтаад буй.

Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд дандаа алдагдалтай ажиллаж ирсэн гэдгийг улстөрчид байсхийгээд ярих болсон. Тухайлбал, төрийн өмчийн үр ашиггүй, данхайсан бүтцээс үүдэн 23 их наядын өр бий болж, нэг иргэнд гэхэд л 6.5 сая төгрөгийн өр ногдож буйг улстөрчид онцлов. Гэвч энэ бүх болж бүтэхгүй гэх яриа, мессежний цаана нөгөөх л үнэгүйдүүлэх тактик буюу бараг л сөнөчихөж гэж өрөвдүүлж байгаад боловсон маягаар дээрэмдэх вий гэсэн хардлагыг ч тоохгүй өнгөрч болохгүй.

Ийм их өртэй, алдагдалтай, техник тоног төхөөрөмж нь өнөө маргаашгүй болчихсон компанид тэнэг хүн л хөрөнгө гаргаж хувьчлалд оролцох байх. Тэгэхээр яарч адгасан хувьчлал өмнөх алдааг давтах вий гэсэн болгоомжлолд УИХ, Засгийн газрын түвшиндээ ч тун мэдрэг хандаж, эхлээд хуулиа шинэчилж, өөрчилж, хөрс сууриа сайтар бэлтгэсний дараа 2028 он хүртэл хувьчлалаа алдаа мадаггүй хийх нь зүйд нийцэх биз ээ. Төрийн өмчийг тойрсон хувьчлалын талаар төр, хувийн хэвшлийнхэн ямар байр суурь хэвлэлд илэрхийлснийг тоймлоё.

“Гүүдсек” компанийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван: Хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэж, хувьцаат компаниуд нэмэгдэх нь зөв ч гэлээ өнөөгийн Хөрөнгийн зах зээл эдгээр компаниудыг хүлээж аваад шингээх чадвар байна уу гэдэг нь чухал. Тэр дундаа уул уурхай, эрчим хүч, санхүү, агаарын тээвэр буюу МИАТ зэрэг 18 аж ахуйн нэгж дээр стратегийн хөрөнгө оруулагч чухал ач холбогдолтой, оролцоо өндөр болох болов уу. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчаа хэрхэн сонгох юм гэдгийг анхаарах нь зөв. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгоход зарим хуулийн заалтууд хязгаарлалт болж байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай: Өмч хувьчлалыг дэмжиж байгаа. Би хувийн хэвшлийн салбараас орж ирсэн гишүүдийн нэг. Гэхдээ төр данхагар байх, хувийн хэвшилд хөрөнгө шилжиж, зах зээлийн зарчмаараа өрсөлдөөнтэй байдлаар хөгжих ёстой гэж боддог. Хувьчлал хийгдсэнээр тухайн компанийн данхагар байдал буурах, ДНБ, эдийн засагт жин дарж байгаа асуудал шийдэгдэнэ гэж харахгүй байна. Та бүгд мэдэж байгаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг. Нэмээд дарга, ТУЗ нь өндөр цалинтай. Тэгсэн атлаа цахилгаан, дулаанаа татвар төлөгчдийн мөнгөөр шийддэг. Татаас авдаг. Үүний цаана энэ асуудал яагаад үүсэв, засаглалын хувьд хэр зөв байв, улс төрийн томилгоо байсан уу гээд олон асуултад бид хариулт өгөх ёстой болно. Олон талаас нь судалж, шинжилж үзсэний үндсэн дээр хувьчлал хийх нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төрийн өмчийн томоохон компаний хувьчлалын асуудал намайг парламентад суух хугацаанд гурван удаа орж ирлээ. 2018, 2022 онд орж ирсэн ч амжилтгүй болсон. Одоо энийгээ амжилттай хийж үзээрэй. Гэхдээ 2016 оноос хойш маш олон хулгайг МАН-ын гишүүд хийсэн дээ. ЖДҮ, ковид, нүүрс гээд бүх зүйлээр хулгайд холбогдсон тэр хүмүүсийн гудсан дороо хийсэн мөнгө хувьчлалаар албан ёсны хөрөнгө болж орж ирэх магадлал өндөр байна. Тиймээс хувьчлалаа маш ил тод хийж, хулгайн мөнгийг албан ёсны болгохгүйн төлөө анхаарах ёстой болов уу. Төрийн өмчит компани дээр сайд дарга нар өөрсдийнхөө цүнх баригч нарыг томилж байгаад хулгайлдаг асуудлыг өөрчлөх нь бол зөв.

МҮЭ: Төрийн өмчит компаниудыг хувьчлах Засгийн газрын шийдвэр гарснаар тэдгээр компаниудад ажиллаж буй 10 гаруй мянган ажилтан, албан хаагчдын асуудал хөндөгдөж байна. Эдгээр хүмүүс ажлаа хийж байгаа. Урдах, урдах ажлаа яс хийж байгаа. Гэхдээ удирдлагын түвшин нь маш тогтворгүй байдгаас болж алдагдалтай, үр ашиггүй гэх нэрийн дор реформ хийгдэх нь ээ. Дэлхийн зарим улс орон реформыг сайн хийсэн ч манайх эхлээд хууль, эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Өнөөдөр Монгол Улсад хууль зөрчигдөж байна. Хуулиа зөрчиж менежер гэж томилсноо эргэж татлаа. Тэгэхээр хувьчлалыг хийх нь үнэн бол тэдгээр компаниудад ажиллаж буй ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Тухайлбал, эрчим хүчний салбарт гэхэд л ажилтнуудад хувьцаа олгох асуудлыг хөндөх шаардлагатай болно. Маш болгоомжтой, няхуур хийхгүй бол хувьчлал амжилтгүй болсон олон улс орны жишээ байгааг мөн сануулъя.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн 35 жилийн хугацаанд өмч хувьчлал яг юу болоод өнгөрснийг анхааралтай судалж, хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд 2100 орчим Төрийн өмчит компаниа 1991 оноос хойш хувьчилсан. Гэтэл эргээд харахад хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг бий болгож чадсан уу гэвэл чадаагүй гэдэг нь өнөөдрийн үр дүнгээр харагдаж байна.

Өмч хувьчлалд хардлага сэрдлэг их байгаа. Компанид нь байгаа сейфнийх нь мөнгөөр компанийг нь худалдаад авч байсан түүх ч байгаа. Энэ мэт маш их газрыг нь лицензүүдийг нь худалдаад авчихсан түүх ч байгаа. Энэ талбайн хажууд байгаа хуучин хэвлэх үйлдвэрийн газрын үнэ 20 тэрбум төгрөг хүрч байгаа. Гэтэл газраасаа бага үнэлэгдсэн иймэрхүү компаний асуудлуудыг бид яагаад хөндөж, ярьж болохгүй гэж. Газрыг нь салгаж үнэлдэг, эсвэл лицензийг нь тусад нь салгаж зардаг. Лиценз, газар, эргэлтийн мөнгө нь тухайн компаниасаа хэд дахин их байдаг. Ийм маягаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан гашуун сургамж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: 1992-2000 онд болсон өмч хувьчлал тухайн үеийн эрх мэдэл, мэдээлэлтэй байсан дарга нарт л ашигтай байсан. Жирийн ажилчид нь бүгд гудамжинд гарсан. Тийм болохоор өмч хувьчлалд болгоомжтой хандаж байгаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин