ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван гахай авсан шүүх засаглал шившгийн хөндийдөө гацжээ

O.Admin
1 цагийн өмнө

“Амьд явахад их зүйлийг үзэх нь ээ” гэдэг шиг алх цохиж, эцсийнх шүү гэж гаргасан шийдвэрээсээ эргэж буцан цуцалсаар буй Монголын шүүх засаглалын үнэн төрхийг та бид энэ өдрүүдэд гайхаш тасран харж сууна. Шүүх, шүүгч бүхэн төгс төгөлдөр шийдвэр гаргах албагүй л дээ. Алдсан алдаагаа эргэж харах, залруулах боломж цагдаа, шүүхийн алинд нь ч байдаг учраас гэмтэн мэт гүтгэгдсэн нь цагаатгагдаж, гэмгүй гэж суллагдсан нь ялаа үүрч дүүрээд явдаг нь жам ёсных.

“Нэг бол яах вэ гэхсэн. Хоёр бол засаад авахсан. Гурвын гурван гахай шүү дээ” гэдэг шиг нэг удаа шүүх буруу шийдвэр гаргаад түүнийгээ залруулсан бол ойлгоод өнгөрч болно оо. Хоёрдахь удаагаа алдчихжээ гэхэд “Арай ч дээ. За яах вэ бас алдсан байж болно” хэмээн уучилж бодохсон. Гэтэл гаргасан шийдвэр дээрээ гурвын гурван удаа эргэж буцна гэхээр шүүх засаглал өөрөө шившгийн хөндийдөө гацаж, бие даасан хараат байдлаа алдаж, чадамжгүй болсон буюу улс төрийн захиалгаар эргэж хургасан, барьцаанд орсон шийдвэр гаргаж байна гэж дүгнэхэд буруудах зүйл алга болжээ.

Эргэн сануулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл олгосон, зориулалтын бусаар зарцуулсан гэх 42 эзэн холбогдогчтой хэрэгт сэжигтнээр татан 2021 оноос шалгаж эхэлсэн бөгөөд 2023 онд анхны шүүх хурал нь болсон байдаг. Хөгжлийн банкнаас зээл олгосон аж ахуйн нэгжүүд дунд байсан “Бэрэн” группт  давуу байдал олгосон гэх энэ хэргийн шүүх хурал гурван жил сунжирч, энэ хугацаанд түүнийг гурван удаа цагаатгаж, өчигдөрхөн цагаатгасан шийдвэрээ шүүх цуцалж, дөрөвдэх удаагаа шүүхэд дуудав.

Үүнийг нь улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж буй бөгөөд 2027 онд АН-аас нэр дэвшин өрсөлдөх хүчтэй өрсөлдөгчийн нэгээр ард түмэн Н.Алтанхуягийг нэрлээд буй. Хэд, хэдэн судалгааны байгууллагын санал асуулгаар ч рейтинг нь өндөр гарч ирсэн юм билээ. Гэтэл өрсөлдөгчөө намнах ажиллагаа энэ хугацаанд явагдаж, шүүхийн шийдвэрийг цуцалж байгаад түүнийг ялтан болгох гэж байгаа нь Монголын шүүх засаглал хэний талд үйлчилж, хэнд зориулан шийдвэрээ өөрчилж, хараат байдлаа бүрмөсөн алдсаныг нотлох бодит жишээ болж буйг сэтгүүлчид хийгээд улс төрийн хүрээллийнхэн ярьж, бичиж байгаа нь ардчилал, үг хэлэх эрх чөлөө амьтай төдий үлдсэн байгааг харуулав.

Тухайлбал, УИХ-ын Дэд дарга асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монголын шүүх улаан цайм ил гарч, улс төрийн захиалгаар хууль тогтоомжийг үл тоон, дур зоргоороо шүүн яллаж болох мэтээр аашилж байна. Н.Алтанхуяг нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласны дараа цагаатгалаа цуцалсан гэдэг нь хардлага дагуулж байна.

Шүүх засаглал хараат бус, бие даасан байдлаа алдсаны тод жишээ нь гурван удаа цагаатгаж, гурван удаа цуцалсан шийдвэрүүд мөн. Шүүх өөрийн шийдвэртээ байн байн эргэлзэж, тогтворгүй хандаж байгаа нь шударга ёсны нэр хүндийг унагалаа. Н.Алтанхуяг даргыг улс төрийн захиалгат шүүхийн золиос болгож болохгүй. АН-ынхан дуу хоолойгоо олон түмэнд хүргэж, тэмцэх ёстой” хэмээн зоримог дуугарав.

Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл “Н.Алтанхуягийг хэлмэгдүүлж, залхаан цээрлүүлж буй энэ үйлдэл бол Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй байлгах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий. Монголын ард түмэн анхаарлаа хандуулаасай. Дөрвөн жилийн хугацаанд гурав цагаадчихаад байхад дөрөвдэх удаагаа шүүгдэж байгаа хэрэг одоогоор Монголд байхгүй. Дөрвөн жил үргэлжилж байгаа хэргийг хянан шийдвэрлэх явцад Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн кандидат учраас эрх баригч МАН шүүхийн цагаатгасан шийдвэрийг үл зөвшөөрч, хэргийг удаашруулж байна гэж АН-ын мянга, мянган гишүүд үзэж байна" гэлээ. 

Эрх баригч МАН нь байна уу, эрлэг Номун хаан нь байна уу хэн нь байлаа ч өрсөлдөгчөө ийм булхай, луйврын аргаар намнаж буй бол хэрхэвч хүлээн зөвшөөрөх асуудал биш юм. Гэхдээ гэмтэн, ялтан байлаа гээд “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч” гээд ялаас мулталж бас болохгүй.

Гэтэл үүнийг шударгаар тогтоож өгөх ёстой шүүх засаглал нь гаргасан шийдвэр дээрээ гурав эргэлдэж, мэдэн будилсан гэхээр яах аргагүй улс төрийн нөлөө орчихжээ гэж хардаж болмоор байгаа юм. Намынх нь нэг улстөрч тэр тусмаа ирэх сонгуулиар өрсөлдөх кандитат гэж үзэж буй нэгнийг шүүх засаглал нь улс төрийн өөр нэг бүлэглэл, намтай нэгдэж нийлээд “тохуурхаж” байхад АН-ынхан харин бүлх залгисан мэт дуугүй байгаа нь гайхалтай.

Сэтгүүлч Ч.Гангэрэлийн бичсэнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд хүссэн ч эс хүссэн ч парламентад суудалтай улс төрийн таван нам “таван гар” сууна. Гэтэл тоглогч нэг бүрийгээ эрх мэдлээрээ далайлган “буудаж” унагаад өрсөлдөгчгүй ялагч болно гэдэг чинь өөрөө шударга бус, муухайгаар хэлбэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буй үйлдэл мөн байлтай. Ийм зүйлийг хүлцэн тэвчиж, чимээгүй сууж буй АН-ын дарга О.Цогтгэрэлээс намынх нь гишүүд ам асууж, арга чаргаа барж мэдэгдэл хүртэл сошиалдаа байршуулж буй нь өрөвдөлтэй гэхээс өөр яалтай.

Өт хүртэл биед нь хүрэхэд арвалздаг атал өөрийнх нь намын гишүүдийг ээлжлэн намнаж, хэн ч биш болгож байхад бүлх залгисан мэт суугаа АН-ынхан минь хэзээ амь орж, хүчтэй сөрөг хүчний зангаргаа харуулна даа.