ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Женког түшиглэсэн Бодийн санхүүжилттэй бүлэглэл нийслэлийг авч үлдэхээр санаархав уу

O.Admin
3 цагийн өмнө

Гал морин жилийн хаврын улс төр галтай, дөлтэй байх нь ээ гэсэн таамаг ёсоор улс төрд хэн нь ирэх жилүүдэд эзэн суух вэ гэсэн том зодоон нам, бүлэглэл дамжин үргэлжилж, улс төрийн хоёр том нам хийгээд бүлэглэлийн улстөрчид ирэх өдрүүдэд хэрхэн тэсэж үлдэх вэ гэсэн зөрчилдөөний рингэн дээр “зодолдож” байх ажээ.

Мэдээж энэ зодоонд Ерөнхийлөгчийн тал илүү жин дарж, түүний фракци ноёрхлоо тогтоох сургаар удтал чимээ аниргүй явсан “Хотын фракци” дуу шуу орж, АН-аас Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж тэргүүтэн өндийж байна. Гэлээ гэхдээ улс төрд мөнхийн эрх ашиг, нөхөрлөл, найз гэж байдаггүй гэгчээр Ардын намд тал засаж, араар нь намдаа эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж гүйж буй тэдний хүсэл шунал удтал үргэлжлэх нь юу л бол. МАН хүчтэй байгаа цагт АН хэн ч биш байх нь бичигдээгүй хууль. 

Нам дотроо хөшигний цаана удтал үргэлжилж өнөөдөр харин рингэн дээр ил гарч ирсэн МАН-ын зодоон хийгээд даган намирч буй АН-ын зодоонд “нэг бүлэглэл” гэж нэрлэгдэх болсоор удсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, “Женко” Х.Баттулга, А.Амундра буюу түүнийг тойрон хүрээлэгчид ялагдаж буй нь үнэн.

Гэхдээ “могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр улс төрийн энэ зодоонд тэд эцсийн хүчээ шавхан өндийх гэж оролдож, магад тэдний сүүлчийн цайз болоод буй Нийслэлийн МАН, АН-ыг хамтын хүчээр авч үлдэхээр улайрч буй нь энэ өдрүүдэд тодорхой болж байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ыг Женкогийн хүмүүс удирдах болсон бол Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ыг авч үлдэхийн тулд бүх хүчээ шавхан Э.Бат-Амгалантай зодолдох болжээ. Тэдний энэ зодоон өнгөц харахад хоёр хүн дундын зөрчил мэт, авгай хүүхэн рүүгээ утас цохилцож буй анд найзуудын зөрчил мэт боловч Женког түшиглэсэн Бодийн санхүүжилттэй бүлэглэл сүүлийн хүчээ шавхан нийслэлийг авч үлдэхээр санаархаж байна уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатарын тухайд сайн дарга. Өдөр тутмын ажлаа хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч хийгээд явдаг тухайд хэн ч маргахгүй. Гэхдээ гуравхан жилийн өмнө сайд байхдаа “Хэрвээ шударга ёс гэж байдаг бол Женко, "Бодь" групп хоёр хөтлөлцөөд шүүхийн хаалга татах ёстой” хэмээн мэдэгдэж байлаа, тэр. Гэтэл гурван жилийн дараа өнөөх үзэн ядаж байсан “Бодь” групп буюу Д.Баясгалан, А.Амундра, Х.Баттулга нартайгаа “хөтлөлцөн гүйж” хотын хамаг л гайгүй тендерийг тэднийд өгч, бүр зөвлөхөөрөө “Бодь” группт 2021 оноос хойш ажиллаж байсан Т.Даваадалайг авсан зэрэг нь эрх ашгийн сэжим тэднийг холбожээ гэх хардлага үүсгэж буйг хэвлэлүүд бичиж байгаа билээ. 

Тухайлбал, “Бодь интэрнэшнл” компани хотоос бонд босгож гүйцэтгэсэн 300 тэрбумын үнэ бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажлыг гүйцэтгэсэн бол “Бодь пропертийз” компани Урт цагааныг автомашины зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох 44 тэрбумын тендерт мөн ялсан байдаг.

Үүнээс гадна Улаанбаатар хотын телекамерын нэгдсэн төвийн техник тоног төхөөрөмж, систем программ хангамжийн 80 тэрбумын төсөл мөн үүнтэй адилхан утгатай 40, 34 тэрбумын тендерүүдэд “Бодь электорникс” компани шалгарсан ч манай охин компани биш гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ нэр ижил байгаад хэн ч хариулт өгөөгүй билээ. “Бодь” групп нь ийнхүү өөрийн төлөөний хүнээ Хотын зөвлөхөөр томилуулж, хотын бүх л гайгүй тендерт ялж байхтай зэрэгцэн Бодийн гол хүн гэгдэх, “Херо” буюу Б.Баатарын бүх л пиарын нэвтрүүлгийн ард байсан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний зөвлөх А.Амундра өмнө нь гүн бат нөхөрлөж явсан Х.Баттулгаасаа холбоо харилцаагаа таслаагүй байсан нь үнэн билээ. Тиймдээ ч Ардын намд тавьсан АН-ын тагнуул хэмээгдэж, саяхан намаас хөөгдсөн. 

Угтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын бүх л нэвтрүүлэг "Гэрэгэ" таураас бэлтгэгдэн гарч, энэ бүхний ард А.Амундра, Б.Баатар нарын хоршил байсныг түмэн олон мэдэх болсон учраас илүүг нурших хэрэггүй биз. Үүн дээр нэмэгдэж Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар гишүүнээр элсэж орсон бололтой шүү.

Хотыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асантай нь базаж буй "Бодь" группын ойрын үед тунчиг ууртай байгаа бөгөөд хавьтсан ойртсон бүхнээ л шүүхэд өгч, мэдэгдэл гаргаж буй. Тун саяхан “Голомт капитал” буюу тэдний охин компаниас мэдэгдэл гаргасан бол "Бодь" группээс хандив авсан гэгдэх Б.Энхбаяр сайд А.Амундра "Гэрэгэ" таурын 14 давхрыг бусдаас дээрэмдэж авсан гэх ноцтой мэдэгдэл хийчихлээ. Тэгэхээр "Гэрэгэ" таурын 14, 15 давхарт тэдний бүлэглэл бууриа засаж, хэнийг дайрах, хэнийг гутаах, аль салбарыг авч үлдэхээ төлөвлөж байдаг бололтой.

Төмөр замын төслөөр гүн бат холбоо тогтоосон Х.Баттулга, Д.Баясгалан нар энэ удаа хотын хамаг л гайгүй тендерийг түүж, Нийслэлийн МАН, АН-ыг нэг бүлэглэлийн малгайн дор удирдах эрх ашгийнхаа төлөө эцсийн хүчээ шавхан зүтгэж байна уу гэж хардахад хүрч буйг нуугаад яахав.

Учир нь хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “NTV телевизэд ярилцлага өгсний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хүний, өөрийн ялгаагүй хулгайч нар дахин сэрж байна. МАНАН дахин төрж байна. Сураагүй юм биш зад үзнэ дээ” гэсэн пост хийснээрээ Х.Баттулга, Х.Нямбаатар тэргүүтэн нэг талдаа гарч нийслэлийн МАН, АН-ыг өөрийн мэдэлдээ үлдээх тэмцэлд хүч нэгтгэх нь ээ гэж хардахад хүргэв.

Юутай ч эртнээс нэг талдаа гарч эвлэлдэн нэгдчихээд байсан тэд төв намыг алдсан бол нийслэлийг, тэр дундаа Нийслэлийн МАН, АН-ыг авч үлдэхийн төлөө эцсийн хүчээ шавхан зодолдож, одоогоор эрх мэдлийн рингэн дээр дөнгөн данган тогтож буй Хотын дарга Х.Нямбаатарын сумыг араас нь чимээгүйхэн зөөж эхлэв бололтой. Зодоон хэрхэн үргэлжилж, цааш, цаашдаа ямар зургаар явахыг анхааралтай харж сууцгаая.