БНХАУ-тай хамтарч буй “Ногоон нуур” 1008 айлын орон сууцыг журам гарснаар түрээслээд өмчлөх хэлбэрээр айлууд орж, түрээслэх, түрээслээд өмчлөх, мөн газраа байраар солих боломж бүрдэж байгаа аж.
Цаашлаад газар хаана байж болох вэ, тэнд барилга барихаар бүсчилсэн журмын дагуу хэрэгжүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулна.
Түрээсийн орон сууцны үнэ орон нутагт нэг м.кв нь 4500 төгрөг, Улаанбаатар хотод 6000 төгрөг байсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар тооцоход 50 м.кв байр хуучин стандартаар 300 мянган төгрөгийн үнэтэй байв.
Журам батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцох, мөн холбогдох зохих журмуудыг тусгасан. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулжээ.
Тэгвэл "Хур" системээр дамжуулан иргэдийг сонгон шалгаруулна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл иргэдээс цаасан баримт авахгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашиглан иргэдийг сонгон шалгаруулах, үнэлэх зохицуулалтыг журамд тусгасан аж.
Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлсон. Зорилтот бүлгийн найман ангилал квот байсныг есөн ангилал болгож, ангилал тус бүрийн квотыг шинэчилсэн.
Тухайлбал:
-Төрийн үйлчилгээний албан хаагч буюу эмч, багш нарын хамрагдах квот 20
-Ахмад настны ангиллын квотыг 15 хувь байсныг 18 хувь
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангиллын квотыг 5 хувь байсныг 10 хувь болгож, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
