УИХ-ын хаврын чуулганы нээлтээ хийсний дараа УИХ дахь Ан-ын бүлгээс ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Энэ хавар улс төр, эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт иргэдийн дунд бий. Тиймээс улс орны өөрчлөлт шинэлчлэлийн өмнө АН өөрсдөө дотооддоо өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж үзэж шинэчлэлийн том ажил өрнөж байна.
АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. 42 гишүүнээс 41 гишүүн оролцож, 100 хувийн саналаар “Аль нэг намын дарга 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламентыг удирдаж болохгүй” гэдэг дүгнэлт гаргалаа. Өнөөгийн УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал парламентын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы хуралдаанд суухгүй.
Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах үйл ажиллагаа биш. Хоёр намын Дэд дарга нар хурлаа удирдаад явж болох байх. Зарчим, үйл ажиллагааны хэд, хэдэн үндэслэл бий. 2016 оноос хойш нэг улс төрийн хүчин үнэмлэхүй дангаар засаглаж, арван жилийн хугацаанд авлигажуулсан 10 жил бий болголоо. Авлигын тогтолцоог угсарлаа.үүний үрээр өнөөдрийн хямралт нөхцөл байдал руу орлоо. АН өнөөдөр л энийг яриад байгаа юм биш. Бид Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдоход энэ шийдвэрийг гаргаж байсан. Н.Учралыг сонгогдоход Х.Тэмүүжин гишүүн хууль өргөн барьж байсан. Нэг сэтгүүлчийг тойрч суугаад ялладаг гэж тэд ярилаа.
Хэрвээ бидний хажууханд байгаа БНСУ-д ийм зүйл гарсан бол юу болох бол. Ерөнхий сайд байсан хүн нь энийг яриад сууж байна. Хуулийн сайд байсан хүн нь авлига авсныг яриад сууж байгаа. Чуулганы завсарлагааны үеэр Н.Учрал дарга орон нутагт ажиллахдаа УИХ-ыг төлөөлж ярилаа. УИХ-аар ийм шийдвэр гаргана гэж яриад явж байгаа. Тэр хүн хуралдаан даргалах ёстой болохоос УИХ-ыг удирдагч биш. АН, ХҮН-ын дарга биш. Чуулганы хуралдааны үеэр хүртэл намын даргын илтгэл шиг юм яриад зогсож байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Миний өргөн барьсан хуулийн төсөл бол энэ агуулгыг багтаасан. Олон намын төлөөлөл бүхий мэтгэлцээний талбар болсон парламентын толгой дээр нэг намынх нь дарга гарч ирж сууж болохгүй ээ. Тэр парламент намын хурал шиг болдог. Тиймээс УИХ-ын даргыг намын дарга байхыг болиулах ёстой гэсэн санаачилгыг хууль болгож өргөн барьсан юм. Энэ бол нэг хүнд зориулсан хууль биш. Намын дотоод улс төрөөс ангид байхгүй бол парламентыг намын дотоод зодоон руугаа татаад оруулчихдаг юм байна.
Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийн ёсзүй болгож оруулж ирж байгааг та бүхэн харж байгаа байх. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол нэг нам, нэг том даргын хэмжүүрээр хэмжигддэг зүйл биш. Олон намын төлөөлөл орж ирсэн үед зарим тохиолдолд үзэл бодлоо хурцаар илэрхийлэх зүйл гарна.
Тэр бүхэнд ямар муухай үг хэлдэг юм гээд ёс зүй гэж эргүүлж татаад байх уу. Парламентын гишүүн иргэдийн төлөөлөл учраас төрийн албаны ёс зүйгээр ч хэмжигдэхгүй. Улстөрчийн ёс зүй төлөөлж байгаа сонгогчдоо үнэнч байна уу. хууль тогтоох, боловсруулах ажилдаа ашиг сонирхлын зөрчилгүй оролцож байна уу гэдгээр хэмжигдэнэ. Харин тэрхүү үнэнч байх тухай ойлголт нь зөвхөн Ардын намын сонгогчдод таалагдах тухай асуудал биш. Ардын нам олонхийн сүрээ гайхуулж цөөнхийн гишүүдийг ёсзүйгүй гэж эгүүлэн татах нь өөрөө парламентын зарчимд харш юм" хэмээлээ.
