Хотын даргын албан тушаалыг авах гэсэн хэсэг бүлэг Х.Нямбаатарыг онилсон улс төрдөө Хатан туулыг хавчуулаад улстөржүүлж байна. Уг нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах “Туулын хурдны зам” төсөл нь 2013 оноос хойш яригдсан ч ажил хэрэг болоогүй юм билээ. Гэтэл барих асуудал хөндөгдөөд эхлэхтэй зэрэгцэн Туулыг хамгаалагчид хэдэн зуугаараа бий болж, том бүтээн байгуулалтыг жадлан эсэргүүцэж байгаа нь уул ус, ургамал амьтнаа хайрладаг эх орончид гэхээс илүүтэй улс төрийн ашиг сонирхол нэвт үнэртэж байгаа нь худлаа биш.
Өчигдөрхөн Хотын дарга Х.Нямбаатар ч өөрөө энэ талаар ярив. Тэрбээр, “Туулыг хамгийн их ухаж, тойрч барилга барьсан хүмүүс энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байна. Хэрвээ тэд үнэхээр л эх орноо хайрладаг байсан бол Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж барилга барьсан компаниудтай тэмцэх байв. Гэтэл өөрсдөө тэнд барилга барьчихаад одоо гэнэтхэн эх орондоо, Туул голдоо хайртай болж жүжиж байгаа нь улс төрийн явуулга” хэмээчихлээ.
Ерөөс энэ улсад сүүлийн дөрөв, таван жил нэг ч барилга, зам баригдсангүй гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх шүү. Өмнө нь бид улстөрчдийгөө худаг барихдаа хүртэл тууз хайчиллаа хэмээн шүүмжилдэг байлаа. Одоо харин эсрэгээрээ худаг ч болтугай бариад тууз хайчлаад өгөөч гэж гуйхад буруудахгүй болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн эрх барьж буй МАН-ынхан маань нүүрсний хулгай ярьж хоорондоо зодолдсоор байгаад л цаг хугацааг барлаа. Хоёр ч удаа Засгийн газраа огцруулав. УИХ, Гүйцэтгэх засаглал хоёроо хүртэл намын зодоондоо ашиглаж төрийн индрээс хувийн хэрүүл хийтлээ арчаагүйтэж байна, тэд.
Гялтайх ганц гэгээтэй мэдээ гэхээс илүү тэгнэ, ингэнэ гэсэн хэт холын алс хэтийн мөрөөдлийг нь сонсож суудаг болов, бид. Бүтээе босгоё, хийе гэснээ улс төрийн зорилгоор намнаж, хийж бүтээснийг нь үгүйсгэх ажлыг л Ардын намынхан маань энэ өдрүүдэд хамгийн сайн хийж байна. Уг нь өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ улсын хөгжил дэвшилд хэрэгтэй нэн чухал төслүүдийг жагсааж бичээд эрэмбэ дарааллаар нь явуулна гэж ам гарч байв. Гэтэл дараагийн Засгийн газар нь гарч ирээд мега төслүүдээс нэгийг нь ч хөдөлгөөгүй. Эсрэгээрээ явуулсан ганц ажил болох Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын төслийг нь хүртэл авлигын гэрээ хэмээн Хуульзүйн сайд нь мэдэгдэж, таслан зогсоох асуудлыг ярьж байна.
Шинэ Засгийн газар ч өнгөрсөн найман сарын хугацаанд дэмий л төсөв тойрсон хэдэн тоогоор ард түмнээ хуурсаар байгаад огцорлоо. Дараагийн Засгийн газар ч том бүтээн байгуулалт гэхээс илүү өнөөх л намын зодооноо эмхлэх, өс хонзонгийн улс төрөөс үүдэн төрийн институцийг ашиглаж зодолдсоор Ерөнхийлөгчийн сонгууль хүргэхгүй гэсэн баталгаа алга байгааг нуух юун. Онцлох том бүтээн байгуулалт, оновчтой шийдэл ярих учиртай Засгийн газрын мэдээллийн индрийг нэг Дэд сайдтан өөрийн улс төрийн мэдэгдэлдээ ашиглаж зогсох хүртлээ хийх ажилгүй хийцгүйрчээ.
Энэ улс орон тэгтлээ чинээндээ тултал хөгжиж, бүтээж босгох зүйл үлдээгүй юм уу гэхээр тийм биш байгаа. Хот нь түгжрэлдээ таг түгжигдсэн. Сурагчид хоёр, гурван ээлжээр хичээллэсэн хэвээр л байгаа. Алслагдсан сум, аймгуудад автозам барих асуудал өнөөдөр ч толгойн өвчин болсоор буй. Дэлхий дахин биднийг тойроод дайтаж буй энэ цагт хэзээ шатахуунгүй болох бол гэсэн айдас цаг ямагт биднийг дагаж байна. Эрчим хүчний хязгаарлалт энэ өвөлжингөө монголчуудыг бухимдууллаа. Ганц станц нь хальтхан зогсоход хотоороо хөлдөх шахсан жишээ ойрынх.
Гэтэл тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй байгаа. Энэ ажлыг эхлүүлэх гэж яваа Х.Нямбаатарыгаа огцруулах гэж МАН-ынхан улайрцгааж байна. Энэтхэг улсын санхүүжилттэй Газрын тосны үйлдвэр хэчнээн ч жил дуншив, хэзээ ашиглалтад орохыг хэн ч хэлж чадахгүй байна.
Боловсролын салбар нь хүртэл бүрэн уналтад орж, бүтэн жилжингээ багш нарын цалин нэмсэн, нэмээгүйг тойрч хэрэлдлээ. Салбар хариуцсан сайд нь өргөдлөө өгөөд алга болж, шинэ Засгийн газарт хэн гэж сайд орж ирэх нь ч тодорхойгүй болчихлоо. Хурдны замын том төслөө хүртэл албан тушаалын зодоондоо хавчуулаад таг гацаачихлаа, МАН-ынхан.
Намын зодоондоо төрийн ажлыг хавчуулж нэгнийхээ эхлүүлснийг улдан гацааж, урагш явуулахгүй зогсоож төр, улсаа хорлож байна, тэд. Ажил хийснээ хөөж явуулдаг, амаараа уран цэцэн үг урсгадаг нь од болдог, улс төрд шат дээшилдэг улс болов, бид. Эрх баригч нам маань энэ мэтээр том төслүүдээ нэгийг ч явуулахгүй гацаачихаад намын зодоондоо улайрсан хэвээр байх зуур дэлхий улс орнууд биднээс хэдэн мянган жилээр хөгжил нь алсарч одов.
Ойрын ирээдүйд онцлох ганц ч болтугай бүтээн байгуулалт улстөржилтгүйгээр босохыг нүдээрээ харахсан. Худаг ч болтугай барьж босгоод тууз хайчлахсан, МАН-ынхаан. Улс орон чинь сүйдлээ улс төрөө хойш тавиад ажлаа хэзээ хийж эхлэх вэ. Замаа барьж, эрчим хүчний төслүүдээ хэзээнээс хөдөлгөж эхлэх вэ. Төр улсаа эмхэлж, улсын ажилдаа анхаарахгүй юм уу. Намын зодооноо дуусгаж нэг ч болтугай ажил эхлүүлэхгүй юм уу.
