ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Н.Учрал өөрөөрөө байж чадвал түүхэнд үлдэнэ

O.Admin
2 цагийн өмнө

Шинээр томилогдож буй Ерөнхий сайд болон МАН-ын бүлгээсээ дэмжлэг аваад байгаа УИХ-ын даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Зарчмын асуудал ярих нь зөв байх. 126 гишүүнтэй парламент бий болсноос хойш хоёр УИХ-ын дарга огцорлоо. Шалтгаан нь нэг намыг төлөөлж байна гэх асуудал. Гуравдахь УИХ-ын дарга гацсан шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын дарга болсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэдэг өнцгөөс өрсөлдөөд байгаа юм. Өөр ямар ч зүйл байхгүй. Ингэх юм бол дахиад л гуравдахь УИХ-ын дарга огцорно. Спикерийн индрээс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэнэ гэдэг нь өөрөө дахиад л таван намд тэгш бус хандаж асуудал шүү дээ. Тэгэхээр  УИХ-ын даргад нэр дэвшсэн хүмүүс шуналаа хойш нь татаад нам бус болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байж, сонгодог парламентыг нэг шатаар ахиулъя.

Спикер гэдэг хүн бол хуралдаан зохион байгуулдаг л хүн. Манайд л дарга болгочихсон хэрэг л дээ. Уг нь би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад Г.Занданшатар даргад үүнийг хэлсэн ч сонгууль дөхчихсөн гээд хэлэлцэж чадаагүй. 76-тай парламент, 126-тай парламент өөрөө соёлын хувьд асар өөр юм. УИХ-ын дарга нам бус байг, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байг, аль нэг бүлэг хурлаас чиглэл авдаггүй байг. Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь өөрийнх нь онцгой бүрэн эрх. Хэнтэй ч хуваалцахгүй эрх л дээ. Бүтцээ хэрхэн хийхээс шалтгаалж хэр удах вэ гэдэг нь шалтгаална. Нийгэмд таалагдах, таалагдахгүй олон томилгоог хийдэг. Би ч тэр замаар явсан. Миний хувьд цар тахлыг даван туулахын тулд, Оюутолгойн асуудлыг шийдэхийн тулд олон сайдтай байсан.

Н.Учрал бол намын дарга бас Ерөнхий сайд хүн. Тэгэхээр энэ хүнд 38:30 гэдэг хуваагдал байж болохгүй. Тэр байтугай бусад намтайгаа ч хамтраад явах ёстой. Харамсалтай нэг зүйл нь Б.Энхбаяр, Н.Энхбаяр тэргүүтэн манай Засгийн газрыг унагасан. Харамсалтай зүйл нь тэрний дараагийн гарч ирсэн Засгийн газар өмнөхөө үгүйсгэсээр байгаад огцорлоо. Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайтын хил холболтын төмөр зам, Туулын хурдны зам, "Орана"-гийн хэлэлцээрийг шийдэж чадсан нь хамтарсан Засгийн газрын үр дүн байсан юм.

Гэтэл энэ бүхнээ одоо болохгүй гээд зогсоохоор явж байгаа. Г.Занданшатар сайд өмнөхөө их л үгүйсгэлээ. Б.Энхбаяр гэдэг ганц дүртэй. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг ганц сэдэвтэй. 10 сарын хугацаанд энэ Засгийн газар нэг ч юм шийдэж чадахгүй бүгдийг ухраасан шүү. Тиймээс сэтгэл хөөрлөө дараад Монгол Улсаа хөгжүүлэх үү гэдэгтээ анхааръя. Урт хугацаанд засаглаж, ажлаа явуулах үүднээс хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж чадвал Н.Учрал олон зүйлийг шийдсэн Ерөнхий сайд болж түүхэнд үлдэж чадна. Чадахгүй бол утсан хүүхэлдэй болж, нийгмийн дэмжлэгээ алдаж, Монгол Улсын цагийг алаад, нийгмийн дэмжлэгээ алдаад явна аа” гэлээ.