2026 оны I улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7,187.8 сая ам.долларт хүрч, оны эхний түвшнээс 182.5 сая ам.доллароор нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж Монголбанкнаас мэдээллээ.
Тодруулбал, 2026 оны эхэнд гадаад валютын албан нөөц 7,005.3 сая ам.доллар байсан бол I улирлын эцэст 7,187.8 сая ам.долларт хүрч өссөн байна. Гадаад валютын нөөцийн түвшин ийнхүү нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад секторын орлого, төлбөрийн тэнцлийн урсгал, валютын захын нөхцөл байдал эерэг байсантай холбоотой ажээ.
Манай улсын гадаад валютын захад валютын орох урсгал ийнхүү тогтвортой сайн байгаа бол хүлээгдэж байгаа гарах урсгал харьцангуй бага байгаа нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшид ирэх дарамт бага байгааг илтгэж байна. Иймд Монголбанк гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт түвшинг хадгалах, валютын захын тогтвортой байдлыг дэмжих чиглэлд бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.
Гадаад валютын албан нөөц нь Монгол Улсын гадаад төлбөрийн чадварыг хангах, валютын захын тогтвортой байдлыг дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
