ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Оюу толгойн тээвэрлэлтийн замыг хаасан хүмүүст хуулийн хариуцлага тооцно

O.Admin
2 өдрийн өмнө

Гангийн цогцолбор үйлдвэр барих ажлын урьдчилсан сонгон шалгаруулалт дууссан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр, "Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг олон улсын нээлттэй тендер зарладаг сайтуудад 1 сар байршуулснаар 5 аж ахуйн нэгж орж ирснээс шаардлага хангасан 2 аж ахуйн нэгж шалгарч үлдлээ. Шалгарсан хоёр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэр гарч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг нь үнэлж, эцсийн 1 хөрөнгө оруулагчийг шалгаруулсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээ хийх төсөл ярилцаж, Засгийн газарт оруулсны дараа УИХ-д танилцуулна. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагч тодорч хэлэлцээр эхэлсэн. Хөнгөн цагааны аж үйлдвэрийн төслийн газрыг тусгай хэрэгцээнд авах, зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байна. Алт боловсруулах үйлдвэрийн асуудал яригдана. Манай Засгийн газар дуусдаггүй үргэлжилдэг яриаг эцэслэж, том төслүүд тэр дундаа боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хөдөлгөөд явж байна" гэлээ.

Мөн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй гадна, дотны бизнес эрхлэгчдэд саад учруулж буй хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд өгсний дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн алба хаагчид тээвэрлэлтийг хэвийн болгохоор ажиллаж байгаа аж.

"Эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно. Өдөрт багадаа 4.5-5 тэрбум ам.долларын орлогыг тасалдуулж байгаа. Энэ орлого бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгал, цалин, эрүүл мэндийн даатгалд санхүүжилт болж очдог. Энэ орлогыг тасалдуулж байгаа нь Монголын нийт ард түмний эрх ашгийг зөрчиж байна. Мөн улсын болон орон нутгийн авто замыг хууль бусаар хаах нь хуулийн тодорхой хариуцлагатай асуудал" хэмээн Г.Дамдинням сайд мэдэгдэв.