ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Электрон тамхины татвар өндөр байх ёстой

O.Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Лу.Гантөмөрөөс УИХ-аар хэлэлцэж буй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл болон шингэн тамхинд ногдуулах татварыг өндөр байлгах эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо. 

-Тамхины хяналтын хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ. Гэсэн ч нэлээд маргаан үүсэж байна. Та тамхины хуулийг дэмжиж байгаа юу?

-Хэн тамхи татдаг байх, татдаггүй  байх вэ гэдгээс илүүтэй төрийн бодлого тусдаа гарна. Хувийн сонирхол үйл хэргээс огт хамаарч болохгүй. Ялангуяа монгол хүнээ бодсон шийдвэр гаргаж байж төрийн шийдвэр болно. Төрийн хэрэг, хувийн хэрэг хоёр бол ангид шүү. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь хамгийн хортой зүйлийг залуустаа хэрэглүүлээд байж болзошгүй болчихоод байна. Сингапур зэрэг хөгжсөн улс орнууд бидний нэрлэж байгаа вэйп, электрон тамхийг бүрэн хориглочихсон.

Шинжлэх ухаанаар батлагдахгүй байна, эрүүл мэндэд ямар хэмжээний хор хохирол учруулах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ялангуяа электрон, шингэн тамхийг эцсийн шийд гарах хүртэл хориглоно гэдэг байр суурьтай байгаа. Гэтэл манайд тамхины төрөлд ч оруулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Хоёрдугаарт, хүүхдүүдэд хамгийн ойрхон байгаа дунд сургуулийн багш нар шингэн тамхи гэж нэрлэж байгаа вэйпийн хэрэглээ газар авлаа, хяналтаа алдсан, моод болох хандлагатай байна. Үүнд анхаараач гэж байгаа. Тэгэхээр үүнийг тамхины төрөлд оруулах хэрэгтэй. Тамхи бол тамхи. Тамхины төрөлд оруулна. Онцгой албан татвар бий болгоно. Онцгой албан татвар нь өндөр байна гэдэг О.Номинчимэгийн саналтай хувь гишүүний хувьд санал нэг байгаа. Ер нь жил болгон 2000 төгрөгөөр онцгой албан татварыг нэмээд явъя гэдэгт санал нэг байгаа.

-Өсвөр үеийн тамхины хэрэглээнд тавих хяналтын тухайд ямар бодит өөрчлөлт байгаасай гэж бодож явдаг вэ?

-Тамхины хяналтын хуулийг баталчихаад дараагийн алхам бол тамхины худалдааг заавал картаар буюу бэлэн бусаар хийдэг зүйл рүү оръё. Цахимаар буюу картаар худалдаа хийж байна шүү дээ. Нэмээд онлайн гүйлгээгээр хийе. Яагаад гэвэл мөр нь үлдэх ёстой. 13 настай хүүхэд аав, ээжээсээ карт авчихсан байна аа даа. Тэр картаараа юу худалдаж авсан бэ гэдэг нь аав, ээжийнх нь гар утсанд мэдээлэл болж очдог байя.

Гүйлгээний утга нь юу худалдаж авсныг илтгэх. Хяналт дор ийм зүйл бий болгож байж магадгүй бүрэн хяналт тогтоно. Хоёр алхая гэж байгаа юм. Тамхины төрөлдөө авъя, мөн татварыг нь нэмье. Бүртгэлтэй байхын тулд бэлэн мөнгөөр зардаггүй бараа болгож дараагийн алхам руу орох шаардлагатай. Ингэснээр насанд хүрсэн хүн л худалдаж авдаг боломж руу шахах юм. Ингээд ярихаар дамын, хулгайн наймаа болох нь ээ гэж манайхан мушгих байх. Дамын, хулгайн наймаанаас сэргийлэх боломж бидэнд бүрдчихсэн шүү дээ. Бүх гудамжуудаа камержуулж байна. Цаашлаад нэг алхаад ТҮЦ-үүдээ камертай болгоё л доо. Тийм биз дээ. Тамхи зарж байгаа цэгүүдээ камертай болгочих. Камертай болгох шаардлага тавиад л болоо шүү дээ. Камерын хяналтыг хийх серверүүдээ хийж чадах юм бол ямар ч асуудалгүйгээр хяналт тавиад явж болно.

-Гишүүд лоббид автаж байна гэх мэдээлэл бий. Танд энэ хуульд ямар нэг байдлаар лоббид оруулах шахалт ирсэн үү?

-Энэ байтугай хуульд надад нөлөөлж чадахгүй. Тэгэхээр Их хурлын гишүүд Тамхины хяналтын хуульд ямар нэгэн гадны нөлөөнд огт автаж болохгүй. Компаний, бизнесийн тухай ойлголт биш байхгүй юу. Хор хөнөөлтэй тахал юм бол тахлын түвшинд л авч үзэх ёстой. Энгийн боов, боорцогтой адилханаар авч үзэж болохгүй. Ер нь цаашаагаа энэ үндэстнээ аврах дараа, дараагийн алхмуудыг хийх шаардлага байгаа.

Миний хувьд энэ долоон сард багтаагаад сахартай холбоотой, сахартай бүтээгдэхүүний эрхзүйн орчны судалгааг эхлүүлчихээд явж байна. Сахарын хэрэглээг хэрхэн багасгах вэ. Архи, тамхины дараагийн ажил бол монголчуудаа сахараас холдуулах. Сахраас холдуулахгүй бол үе, удам дамжсан генийн шинжтэй сахарын өвчинд нэрвэгдэх аюул бидний өмнө тулаад ирчихсэн байна. Ямар ч хяналтгүйгээр сахарын хэрэглээ рүү шилжээд орчихсон. Чадах чинээгээрээ төр улс мөн л юм бол монгол хүнээ хамгаалах ёстой.

Чадах чинээгээрээ монгол хүнээ муу зүйлээс холдуулахыг хичээх хэрэгтэй.

-Үнэ өндөр байвал худалдан авалт дагаад багасах байх л даа. Үнийг нь өндөр тогтоосон бусад улсын жишээнээс дурдвал?

-Өндөр байснаар тамхины хязгаарлалт үүсдэг гэдгийг Европын холбоо баталчихлаа. Европын улс орнуудад тамхи татдаг хүн цөөрсөн. Цөөрч буй шалтгаан нь хайрцаг нь 10 евро. Сингапурт тамхи татдаг хүн эрс буурсан. Япон улс яг адилхан тамхины татвараа огцом нэмсэн. 3-5 ам.доллароор худалдаж авдаг. Сингапурт 10 ам.доллароор зарагддаг. Үнэтэй юмыг хүн цөөхөн хэрэглэх юм байна гэдгийг олоод харчихсан. Шинэ хэрэглэгч нэмэхгүй байх юм байна гэдэг ойлголт.

Хуучнууд нь ч хайран мөнгөө үрж байснаас тамхи татахаа больчихъё гэж бодож эхэлж байгаа юм. Тамхи үнэтэй байхаас айж, ичиж ерөөсөө болохгүй. Тамхи тайвшруулдаг, стресс тайлдаг гэдэг бүгд худлаа. Стрессийг бүр л нэмэгдүүлдэг. Уур хүрээд байна, тамхи татаад тайвширна гэж боддог байдлаа бүрмөсөн болих хэрэгтэй. Амьсгалын дасгал хийгээд стрессээ бууруулж болно шүү дээ. Цусыг өтгөрүүлж байгаа хоёр гол зүйл чинь сахар, никотины хэрэглээ байна.