Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 10 хувьд муу, 40 хувьд дунд, 50 орчим хувьд сайн байна. Бэлчээрийн ургамлын ургалт Өвөрхангайн ихэнх, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Хур тунадасны улирлын урьдчилсан төлвөөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Дээрх зураглалаас үзэхэд агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Манай орны байгаль, цаг уурын онцлогоос хамаарч жил бүрийн 8 дугаар сарын 20-ыг хүртэл бэлчээрийн ургамал ургах боломжтой тул одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын ургац, ургамалжилтын хазайлтыг эцсийн гэж үзэх боломжгүй байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээгээр ирэх 8 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гантай, гандуу байх төлөвтэй байна. Иймд гантай, гандуу байгаа нутгуудад өвөл, хаврын улиралд бэлчээрт хадгалагдах өвсний хэмжээ нэмэгдэх боломж хязгаарлагдмал гэж урьдчилан тоймолж байна.
Эдгээр бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглалын үр дүнд суурилан мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоодог. Цаг уурын улирлын тоймоос үзэхэд нутгийн ихэнх хэсэгт агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь мал аж ахуйн 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтад анхаарах шаардлага үүсгэж болзошгүй байна.
