ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

COP17 талуудын бага хурлын үеэр 1 их наядын хөрөнгө оруулалт татна гэлээ

O.Admin
5 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 нь 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэгвэл зохион байгуулах Үндэсний хороо буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өнөөдөр үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ "COP17-г зохион байгуулах эрхийг авснаас хойш дөрвөн Засгийн газар, дөрвөн салбарын сайдын үед бид бэлтгэл ажлаа хангалаа. Хурлын бэлтгэл ажил 83 хувьтай байна. 12 үндэсний Дэд хороодын ажил 52-94 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Өнөөдрийн байдлаар 4127 оролцогч COP17-д оролцоно гэдгээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ тоо өмнөх долоо хоногт 2836 байсан бол өдрөөс өдөрт өссөөр байна.

-Гишүүд орнуудын төлөөлөл 1137

-Ажиглагчид 2100

-Дээд түвшний оролцогч 112

-Бусад нь 700 орчим байгаагаас Шадар сайдын түвшний албан тушаалтан 1, Байгаль орчны болон бусад сайд 66, Дэд сайд 29, улс орны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 4, НҮБ-ын агентлагийн удирдлагууд оролцохоо илэрхийллээ.

8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээснээр албан ёсоор хурал эхэлнэ. Өндөр дээд түвшний арга хэмжээ 24-ны өдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, албан ёсоор нээлтийн үг хэлнэ. Хуралдаанд оролцох 1582 иргэн цахимаар визээ мэдүүлж, 1222 нь зөвшөөрлөө авчихсан. 196 улсын төлөөлөгчид ирэхээс 80 гаруй орон нь визгүй зорчих эрхтэй. 1432 зочид буудлын өрөөг захиалснаас 803 зочид буудлын өрөө борлуулагдсан.

Хурлын үеэр

-Стратегийн байгаль орчны төслүүдийг хэрэгжүүлэх

-Түншлэл бий болгох

-Олон улсын байгаль орчны зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Олон улсын байгаль орчны манлайллыг хэрэгжүүлж, тодорхойлогч улс орон болно гэсэн амбийц бий. Урт хугацааны бодлогын санаачилгуудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулалт татах боломж хүлээж байна. 6000-8000 төлөөлөгч оролцсон тохиолдолд 150 тэрбумын эдийн засгийн өгөөж гарна гэсэн хүлээлт байгаа. 6000-гаас доош бол 130 тэрбумын орлого олно. Зохион байгуулах нийт төсөв нь 2025-2027 оны хугацаанд 301 тэрбум байна. Батлагдсан төсвийг аль болох хэмнэх, төсөвт багтаах зорилготой ажиллаж байгаа. 2027 оны төсөвт суулгасан 50 гаруй тэрбумыг хэмнэлт болгож үлдээнэ. Нэг ширхэг ч шинэ машин авахгүй.

Гадны дотны аж ахуйн нэгжүүдээс 15 тэрбумын хандив ирсэн: 

-Рио тинто- 1 тэрбум

-Оюутолгой -1 тэрбум

-MMS инженеринг, Электроник моторс – 1 тэрбум

-Энержи ресурс -500 сая

-Эрдэнэ Монгол -500 сая

-MCS Coca Cola -480 сая төгрөгийн ус, ундаа

-Бадрах Энержи- 500 сая

-Мөнх ногоон амьдрал нийгэмлэг, холбоо -400 сая төгрөгийн амьд цэцэг

-VIP discover -200 сая төгрөгийн ажил үйлчилгээ

-Хас банк- 200 сая

-Макс импэкс -100 сая

-Улаанбаатар принт –хэвлэлийн үйлчилгээ

-Тэсо групп- Ажил үйлчилгээ гэх мэтээр мөнгөн болоод эд материал, ажил үйлчилгээний чиглэлээр хандив өгөхөө илэрхийлсэн. 

Орон нутгийн иргэд энэ хурлын хамгийн чухал оролцогчид байх учраас аймгуудаа 6 бүс болгон хувааж, сургалт өгсөн. Ингэснээр 2000 гаруй оролцогчид олон улсын хуралд оролцох нь ээ. 600 сайн дурын ажилтан энд ажиллана. 500 насанд хүрсэн иргэн, 100 өсвөр насныхан ажиллах юм. Эдгээр хүмүүс ямар нэг цалингүйгээр өдрийн хоолны мөнгөө аваад ажиллана. Өсвөр насныханд олон улсын хуралд оролцож байсан гэсэн сертификат олгоно. Нийтдээ 15 төрлийн сургалт явагдана. Нэг олон улсын оролцогчийг дагаад 1 монгол талын чиглүүлэгч, 1 машин явна. Эдгээр бүх сургалтыг 8 дугаар сарын 01-нээс эхэлнэ. Бүх хөтөлбөр бэлэн болсон. Өдөр бүр нэг том сэдэв ярина. Монгол ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээг мөн өдөр бүхний хуралдааны үеэр шигтгэж явах учраас зүгээр нэг хурал эсвэл энтэртайнмент арга хэмжээ гэж ойлгож болохгүй" гэлээ.

Өмнөх хурлууд дандаа цэнхэр бүсийн түвшинд явагдаж байсан бол Саудын Арабын хурал цэнхрээс гадна ногоон бүсийг бий болгож байсан. Тэрхүү туршлагаас бид суралцаж, цэнхэр, ногоон бүсийг бий болгожээ.

“Цэнхэр бүс” нь НҮБ-ын бүрэн мэдэлд байж, харуул хамгаалалт гарна. Энэ бүс рүү улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэвтрэх эрх авсан хүмүүс орж, олон улсын хуралдаанаа хийнэ. “Ногоон бүс” рүү иргэд чөлөөтэй нэвтэрч, олон улсын хурал үзэж сонирхож болно. Түншлэл тогтоож, хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой хүмүүс иргэний үнэмлэх, эсвэл “E-mongolia”-гаар биеийн байцаалтаа харуулаад нэвтэрч болно.

Хэвлэл мэдээлэл, дарга цэрэг, улстөрчид бүгд нэвтрэх эрхийн мандат авч байж “Цэнхэр бүс”-эд нэвтэрнэ. 16 барилга байгууламж “Цэнхэр бүс”-эд баригдаж байгаа. Хуралдаан дууссаны дараа шууд барилгуудыг түрээслэгч компани буулгаад аваад явна. Ногоон бүсийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байна. Улаанбаатар хот энэ бүсийн бэлтгэл ажлыг хангахаас гадна төсөвт голлох санхүүжилт гаргаж явж байгааг онцолъё. Төлөвлөгөөт ажлууд 8 дугаар сарын 6 гэхэд бүрэн дуусна.

Цэнхэр бүсэд 88 павилоныг улс орнуудад түрээслэхээр гаргаснаас 80 нь борлуулагдсан. Тэнд улс орнууд байгаль орчны болон улс орны сайн туршлагаа сурталчилдаг. Ногоон бүсэд мөн адилхан павилонууд гарна. Ногоон бүсэд 310 орчим зэрэгцээ арга хэмжээг төлөвлөлөө хэмээлээ. 

COP17 талуудын бага хурлын үеэр улс орнуудын 8 санал, санаачилга яригдах аж. Үүний 3 нь Монгол Улсын дэвшүүлэх санал, санаачилга байна. “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн ерөнхий малгайн дор

-Бэлчээр

-Ус ба газрын нэгдсэн менежмент

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн 3 санаачилгыг дэвшүүлэх юм байна. Улс орнууд маш сайн дэмжиж, хөрөнгө оруулалт хийнэ гэсэн амлалт өгчээ. Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 200 сая еврог өгөхөө илэрхийлсэн. Буцалтгүй тусламж гэж байхгүй ихэвчлэн зээл хэлбэрээр санхүүжилт орж ирэх учраас тэр бүхнийг УИХ-аар хэлэлцэж, өрийн таазанд багтсан уу, авах уу гэдгээ нэгбүрчлэн ярина.

-Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг хэлбэрээр 3.3 сая ам.доллар

-Франц улс 1 сая ам.доллар

-Азийн хөгжлийн банк 500 мянган ам.долларын санхүүжилт олгохоо баталгаажуулсан бол Дэлхийн банк, Катар, Оман, Герман, Солонгос зэрэг улс орнууд мөн хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлцлээ үргэлжлүүлж байгаа аж. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснийг хурлын дараа олон нийтэд мэдээлнэ. Нийт 292 төслийн хүсэж байгаа санхүүжилт нь 6.5 тэрбум ам.доллар. Нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар гэлээ.

Эдгээр төслүүдээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх 4 төсөл байх аж.

-Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв

-Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор

-Бэлчээрийн сайн төслийг нүүрстөрөгчийн зах зээлд холбох

-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв гэсэн төслүүд байх ажээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир хэлэхдээ "НҮБ-ын Сайн дурын байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Улаан загалмайн нийгэмлэг хамтран 2000 анкет хүлээн авснаас 600 иргэнийг сайн дурын ажилтнаар сонгон шалгаруулсан. Цэвэр, шударгаар зохион байгуулагдсан. Цагаан цаас шиг байгаа хүүхдүүд Монголд ганцхан удаа болох олон улсын арга хэмжээнд шударгаар сонгогдож ажиллах нь нэр төрийн байх учраас ямар ч ар, өврийн асуудал энд ороогүй.

Дүнжингарав, Нарантуул захын нээх, хаах цагийн хуваарьт өөрчлөлт орно. Автозам хаахгүй. Шаардлагатай тохиолдолд таталт хийгдэнэ.

Монгол Улс 250 тэрбумаар хурал зохион байгуулаад эргээд 1 их наядын хөрөнгө оруулалт татах зорилготой байна. Европын хөрөнгө оруулалтын банкны амласан 200 сая евро гэхэд л 800 тэрбум төгрөг. Дэлхийн банк 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт ярьж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тухайлбал урьдчилсан хэлэлцээгүйгээр ногоон дэд бүтэц татах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. Монгол Улсад баригдах автозамуудад ногоон зам буюу амьтны гарц, тог цахилгааны нарны энергиэр авах замууд барих боломжийг судлаад явж байна. Энэ асуудлыг хурлын үеэр баталгаажуулж чадвал хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.  Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын холбоо санхүүжилт гаргаж олон улсын "Euronews” агентлагийг 12 өдрийн турш Монголд ажиллуулж, манай улсыг сурталчлах ажлыг зохион байгуулна" хэмээлээ.