Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн тогтолцооны талаар туршлага солилцох “КОИКА-Мэдлэг түгээх семинар” өнөөдөр /2026.09.24/ боллоо. Семинараар бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, БНСУ-ын туршлагаас Монгол Улсад нутагшуулах боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Со Хён Жэ бүс нутаг бүрийн онцлог, давуу талыг тодорхойлж хөгжүүлэх нь бүсчилсэн хөгжлийн чухал зарчим болохыг онцоллоо. Тэрбээр Монгол Улс өргөн уудам газар нутагтай учраас бүсчилсэн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтойг тэмдэглээд, КОИКА цаашид Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг эдийн засгийн газарзүйн онцлогт тулгуурлан төлөвлөх шаардлагатайг илтгэлдээ хэлэв. Тэрбээр 21 аймаг, 330 суманд хөрөнгө оруулалтыг жигд хуваарилахаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй байршлыг тодорхойлж, тэдгээрийг тэргүүн ээлжид хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг онцоллоо.
Мөн эдийн засгийн тусгай бүсийг зөвхөн хил орчимд байгуулах ойлголтоос өөрчлөгдөж, аймаг бүрийн онцлог, боломжид тулгуурлан тусгай бүс байгуулах боломжийг судалж байгааг танилцуулсан юм.
Монгол Улсын эдийн засгийн тусгай бүсийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар Шадар сайдын зөвлөх Л.Баяртулга мэдээлэл өглөө. Монгол Улсад одоогоор дөрвөн чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд одоо мөрдөж буй 9 бүлэг, 26 зүйлтэй хуулийг шинэчилж, 15 бүлэг, 86 зүйлтэй хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгааг тэрбээр хэлэв.
Шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал, газар болон дэд бүтцийн харилцаа, өмчлөл, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны үнэлгээ, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг илүү тодорхой зохицуулахаар тусгажээ. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг кластерын зарчмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх замаар хүнд суртлыг бууруулах нь эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал болохыг онцоллоо.
Тус семинараар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт татах механизмыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын туршлагыг хэрхэн ашиглах талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал солилцлоо.
