Улсын Их Хурлын чуулганы хуралдааны “Асуулгын цаг”-т Монгол Улсын Ерөнхий Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан уу-Түмнээ ядуурлаас аварсан уу” гэсэн сэдвээр АН-ын болон олонх, цөөнхийн гишүүдийн асуултад хариулж, мэтгэлцлээ. Хуралдааны тоймыг уншигч танд хүргэж байна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ тарах тухай яриа санал санаачилга гарч эхэллээ. Энэ нь Монголын төр хямралд орсныг илтгэж байна уу. Ард иргэд ядуурлаас гарсан уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Миний хувьд улс төр биш ажил хийе гэж хичээж ажиллаж байгаа. 2000 онд манай намын гаргасан “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэсэн уриалгыг та ярьж байна. Улс төрийн намууд тухайн цаг үетэйгээ нийцэж, мөрийн хөтөлбөрөө гаргаад явдаг. 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” дөрвөн удаа Засгийн газраа огцруулж, төрөө хямрааж, түмэн олноо ядууруулсан учраас энэ амлалтыг өгч байсан юм билээ. Үүнээс хойш 26 жилд улс орон дандаа уруудсан уу гэвэл үгүй юм. Хувийн хэвшил өсөж томорсон, хүмүүс хийж бүтээсэн. Төр засаг алдаж оносон ч хийж бүтээлээ. Хэдэн тоогоор ярьж болно. Улсын эдийн засаг 5-7 хувиар өссөн. 2021 онд ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд байсан бол 89.9 их наядад хүрчихлээ. Нэрлэсэн ДНБ 103 их наяд руу хүрлээ.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Түмэн олон ядуурлаас гарсан уу. 2016 онд 900 мянган иргэн ядууралд өртсөн байсан. Энэ тоо яг хэвээр байгаа. Эдийн засаг 7.7 хувиар өссөн ч иргэд 5 хувиар ядуурчээ. Эдийн засаг томорч байхад иргэд ядуураад байна. Мөнгө хаачсан бэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Улсын төсөв 7.6 хувийн өсөлттэй байна. Үүнийг тогтвортой хадгалж байна. Маш сайн мэдээ бол экспорт өссөн. Нүүрсний экспортын биет хэмжээ 85 сая тоннд хүрсэн. Өмнөх оны мөн үеэс 58 хувийн өсөлттэй байгаа. Зэсийн баяжмал 22 хувь, төмрийн хүдэр 7 хувь, валютын нөөц ажил авахад 7.2 байсан бол өнөөдөр 8.4 тэрбум ам.долларт хүрлээ. Экспортын хувь хэмжээ өссөөр байгаа учраас ашгийг ард иргэдэд хүргэх нь хамгийн зохистой юм гэж үзсэн.
Ядуурлын түвшин 27.8 хувьтай байна. 2008 оноос хойш 10 гаруй хувиар буурсан. 2026 оны 11 дүгээр сард ядуурлын түвшинг гаргана. Өрхийн бодит орлогыг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр оруулж чадахгүй. Тэтгэвэр, цалингаа нэмж байж өрхийн бодит орлогыг нэмнэ. Иргэдийн 40, ахмадын 30 хувь нь бага орлоготой байна.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цалин тэтгэвэр үүнээс илүү нэмэгдээсэй гэж хүсэж байгаа. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан бол өнөө жил 3 кг авч байна. Бодит орлого гэдэг чинь худалдаж авч байгаа бодит зүйлийн үнэ юм. 100 мянгаар 5 кг мах авч байвал бодит орлого нэмэгдлээ гэж үзнэ биз дээ?
Ерөнхий сайд Н.Учрал: Боловсрол цалингийн зөрүү дангаараа 680 тэрбум. Тодотголд хийхгүй бол багш нарын цалингийн 50 хувийг хангаж чадахгүй. Үүнийг тавихгүйгээр өрхийн бодит орлогыг хангаж чадахгүй. Эмч нарын цалинг 20 хувиар нэмэхэд 90 тэрбум шаардлагатай. Суурь тэтгэврийг нэмэх хэрэгтэй байна. Үүнд 444 мянган иргэн хамрагдана. Бага орлоготой иргэдийн 30 хувийг ахмадууд эзэлж байгаа.
Өрхийн орлого түүхэндээ анх удаа 4.9 нэгж хувиар буурчихлаа. Төрийн өмчит компаний ногдол ашгийг төсөвт ав гэдэг та бүхний баталсан хуулийн дагуу бага орлоготой иргэдээ хамгаалах бодлогыг оруулж ирсэн. Стратегийн нөөцүүдийг зорилтод бүлэгтээ хүргэж чаддаггүй байсан байна.
Тиймээс 100 мянган тонн улаанбуудай, 30 мянган тонн мах, 12 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бага орлоготой иргэдээ дэмжиж, хамгаалж, худалдаа үйлчилгээний салбараа тэлнэ. Энэ салбар улам бүр хумигдсаар байгаа. Инфляц гэдэг айдсаар иргэдийг айлгаж цалин хөлс, тэтгэвэр нэмэхгүй гэвэл ядуурлын түвшин өснө.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Иргэнд нэг жилд 6 сая төгрөгийн өр нэмэгдэж магадгүй байна шүү. Сүүлийн хоёр Засгийн газрыг харцгаая. Өнгөрсөн Засгийн газар цалин тэтгэвэр нэмнэ гэж хэлчихээд ямар ч эх үүсвэр байхгүй орхиод явчихсан. Засаглалын чадамж ямар байгааг харуулж байгаа юм?
Ерөнхий сайд Н.Учрал: Энэ алдааг хэтэрхий үнэтэй засаж байгаа нь үнэн. 1.4 их наядын хэмнэлт хийх тийм амар байгаагүй. 1.4 их наядаа бүрэн хэмнэж, Төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас 1 их наядыг төсөвт авч байж бид амласан амлалт буюу цалин, тэтгэврээ нэмж байна.
Цалингийн тогтолцоог шударга болголоо. Стратегийн нөөцийг бүрдүүлнэ. Үнийн өсөлтөд хэт их нэрвэгдэж байгаа энэ үед бага орлоготой иргэдээ хамгаалах бодлого нь өөрөө цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. Эрчим хүчний засаж чадаагүй олон засвар шинэчлэлийг тодотголоор засна. 217 нэр төрлийн завсар үйлчилгээ, шинэчлэл хэрэгтэй байна.
Ажлаа аваад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 4.9 тэрбумыг шийдсэнээр “ТЭЦ-3” дээр хоёр зуух засаж, гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Эрчим хүч, цахилгаан дулааны үнийг өвлийн ид хүйтэнд ард иргэддээ үүрүүлж болохгүй. Тиймээс эрчим хүчний салбар мөнгө тавьсан. О.Цогтгэрэл дарга бид хоёр ард иргэдээ бодож, хамтарч ажиллах хэрэгтэй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх, өрхийн орлогын төлөө нам эвсэл хамаарахгүй хамтарч ажиллацгаая.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Шийдлийн тухай ярьцгаая. Танай засаглалын жилүүдэд халамжийн төр болсныг өөрчлөх ажил хийцгээе. Мянга халамжилж, мянга өнөө маргаашийг аргацаалаа гээд балчиг, намгаас гарахгүй?
Ерөнхий сайд Н.Учрал: Халамжийн төрийг хөгжлийн төр болгоё гэдэг санал, санаачилгад улстөржилт огт хэрэггүй. Би тантай үзэл санааны хувьд ижилхэн. Зорилтод бүлгээ олоогүй олон халамж өнөөдрийн энэ байдлыг бий болголоо.
Манай Засгийн газар нийгмийн халамжийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Бид энд 126-уулаа суучихаад төрийн ачааг хуваалцаж байгаа хувийн хэвшлээ нэг, нэгээр нь боомилсоор байгаад салбар бүрт төртэй хамтарч ажиллахгүй гэдэг асуудал үүслээ. Энэ улс орныг хөгжүүлж яваа хувийн хэвшлийнхнээсээ уучлалт гуйх ёстой. Хөгжлийн төрийг бий болгохын тулд улсын төсөвт үйлдвэрийн газрыг манай Засгийн газрын үед 30 хувиар бууруулсан шүү.
Манай Засгийн газрын үед уул уурхайн компани болчихсон “Эрдэнэс Монгол”-ыг “Чингис хаан үндэсний баялгийн сан” болголоо. Эдийн засгийг хоёр тулгууртай болгоё гэдэг саналаа энэ хуулиар оруулж ирсэн. Төсвийг хуулийг дагалдуулаад Үнэт цаасны тухай хуулиар санхүүгийн захыг сэргээнэ. 15 триллон ам.долларыг удирддаг, дэлхийн топ гурвын нэг “Black Rock”-ын тусламжтайгаар засаглалыг сайжруулна. Банкны барьцаанд орсон эдийн засгаа төрөлжүүлнэ. Экспорт нэмэгдэхээр элдэв юм санхүүжүүлэх бус өрхийн орлого руу оруулъя гэсэн юм. Халамжаас татгалзаж, хөгжил рүү хамт зүтгэцгээе.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ирэх жилүүдэд зээл ховордох нь ээ. Бодлогын чинь нөгөө тал болчихоод байна. Монголын эдийн засаг бүтээдэг болохын тулд үнийн өсөлт, зээлийн хүүгийн өсөлтийг хамтад нь буулгая. Төрөө жижигрүүлье. Төрийн өмчит компаниудаа хувьчилъя?
Ерөнхий сайд Н.Учрал: Баталсан төсвийн хүрээний орлого, зарлагыг нэмэгдүүлээгүй. Баялгийн сангийн эх үүсвэр лүү нэг ч ороогүй. ТУЗ-ийн хэдэн гишүүдийн саналаар хэрэгтэй, хэрэгггүй төсөл санхүүжүүлж байсан ногдол ашгийг төсөвт л оруулж ирлээ. Хүний, өөрийн алдааг засаж байна. Хэрэгтэй, хэрэггүй бонд босгодог үе, үеийн Засгийн газрын алдааг засна. Төсөв огт нэмэгдээгүй. Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-иудын цэвэр ашгийг л төсөв рүү оруулж ирж байгаа юм. Эрх мэдлээс татгалзаж, ард иргэддээ өгөх гэсэн, иргэдээ бодсон төсөв юм.
Улс төр биш улс орноо бодох цаг ирснийг АН-ын нөхдөд хэлье. Засгийн газар хэмнэж болох бүх зардлаа хэмнээд оруулж ирсэн. Хөрөнгө оруулалт буюу төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зардлыг урсгал руу тавьж болдоггүй юм. Гадаад зээлийн ашиглалтын хуулиар орон зай гарсан хэдий ч түүгээр цалин тавьж болохгүй. Болдог бол цалинг илүү их нэммээр байна.
Уурын зуухнаас салах ногоон сургууль, Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль гэх мэт хэдэн асуудал бий. Тэр болгоныг хасаж, нэмэх нь УИХ-ын бүрэн эрх. Засгийн газар бодлогоо танилцуулж, хэмнэж болох бүхнээ хэмнэлээ.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Таны хамаарал бүхий сургууль улсын төсвөөс санхүүжилт авах гэж байсан нь үнэн үү?
Ерөнхий сайд Н.Учрал: Тамга тэмдэг байхгүй, тодорхой баримт байхгүй зүйлээр миний нэр хүндэд халдсан үйлдэл. Хулгай, дээрэм ярьж бие биенээ намнадаг үйлдэл нь боловсролын салбар луу халилаа. Миний бүх зүйл ил тод. Манай гэр бүлд янз бүрийн хайцаалж, нуусан бизнес байхгүй ээ. Сэдэв хөгжөөх ажлыг хүний, өөрийнгүй л нийлж хийж байгаа гэж харж байгаа. Та ч бас адилхан хохироод явж байгаа байх. 130 цэцэрлэгийн 32 мянган хүүхэд, 57 мянган сурагчийн эрх ашиг хохирлоо. Ард иргэдийн амьдрал ахуй хүнд байгаа энэ үед УИХ, гишүүд төсөв баталж, тулсан асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл бүрдүүлмээр байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Өвөл болж байна ажлаа хиймээр байна. Та нарын нэгэндээ гомддог гомдол төрийн хямрал боллоо. Одоо хэдүүлээ урагшаа хараад өвөлжилтийн бэлтгэлээ хийе. Сайд нар ажилдаа ирцгээ. Зээлийн хүү нэмэгдчихлээ. Таны чөлөөлье санаачилга биелэж байна уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Өвөл боллоо, ажлаа хиймээр байна гэж Засгийн газартай, ард иргэдтэйгээ санал нэг байгаа Ц.Баатархүү гишүүнд талархлаа. Өвөл биднийг хүлээхгүй учраас өвөлжилтөд бэлтгэе. Бага орлоготой иргэдийнхээ бодит орлогыг л хамгаалъя. Мах, гурил, хүнсний ногоогоо нөөцөлье. Бензин шатахууны сав 150,000м3 нэмэгдсэн, ирэх онд 300,000м3 болгоно. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах арга хэмжээ авч байна.
Гадаад банкны эрхзүйн орчин нээгдсэн. Гадны гурван ч банк хүсэлтээ ирүүлээд байна. Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. 2027 онд ипотекийн зээлд 16,000 өрх хамруулна. Нийслэлд 120 зөвшөөрөл байхгүй болсон. Энэ бол бодит байдал шүү дээ. Зээлээс зээлийн хооронд банкны барьцаанд орчихлоо. Төр, иргэн, ААН-үүд ч ялгаагүй. Сүүлдээ бонд босгоод банкинд хийж, хүүлдэг боллоо. Ажлаа хийж чадахгүй хэнтэй ч хариуцлага ярина. Манай намын нөхдөд мөн хэлье. Чадахгүй бол хөөж явуулна. Намайг аядуу зөөлөн хүн гэдэг юм билээ. Би ямар хүн гэдгээ харуулаад өгч болно.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмээд өгөөч гэж өмнөх Ерөнхий сайдаас хүсэж байлаа. Инфляц өсчихдөг юм аа гэж хариулсан. Өнөөдөр энэ асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга яг ийм хариулт өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд туйлдаж байна. Яагаад энэ мөнгийг хасчихсан юм бэ. Хамгийн ядуу иргэдээ анхаарахгүй байж ядуурлаас яаж гарах юм бэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Халамж нүдээ олохгүй байгаа гэдэг үнэн. Халамжлах шаардлагатай зорилтод бүлгээ бид халамжилж чадахгүй байгаа. Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хөдөлмөрийн чадвараа алдаагүй иргэдийг бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, зорилтод бүлгээ хамгаалъя гэдэг агуулгаар хуулиар ангилж өгч байна.
Нийгмийн халамжийн сангийн 2027 оны төсвийн төсөлд нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, сард олгох хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэмэгдүүлнэ. Асаргааны зардлыг мөн 10 хувиар нэмэгдүүлнэ. Их хурлын ажлын хэсэг дээр Ж.Баясгалан гишүүн та тодорхой саналуудаа оруулаарай. Би Ерөнхий сайдын хувьд дэмжинэ. 2027 оны төсөвт бүгдийг нь нэмэгдүүлсэн шүү.
Төсөв боловсруулахдаа хүнээ л боддог. Хөдөлмөрлөж байгаа хүнээ дэмжинэ. Хөдөлмөрийн чадвараа алдсан зорилтод бүлгээ халамжилна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголын баялаг бол монгол хүн. Гэтэл сүүлийн жилүүдэд гадагшаа гарч байгаа хүмүүсийн тоо ихэслээ. Хоёр дахин нэмэгджээ. Энэ хүмүүс Монголдоо ажиллаж амьдрах боломжгүй болоод явж байна. Гадаадад сурч байгаа залуус эргэж ирэхийг хүсэхгүй болжээ. Ажиллагсадын тоо 22 мянган хүнээр буурчээ. Хөдөө аж ахуйн салбар 46 мянган хүнээр буурчээ?
Ерөнхий сайд Н.Учрал: Төрөлт буурсан нь олон янзын шалтгаантай. Иргэд төрдөө итгэх итгэл, ирээдүйдээ итгэх итгэл гэх мэт олон шалтгаан бий. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, орон сууцны бодлогыг гаргаж ирлээ. Хөдөлмөрлөе, хийе бүтээе гэдэг хүн бүрийг дэмжих нь Засгийн газрын бодлого. Халамжийг зорилтод бүлэгтээ чиглүүлнэ. Татварын багц хуулийн хүрээнд багатай 15 мянган ажлын байр нэмэгдүүлнэ. Дундаж давхаргыг дэмжсэн төрийн зээл биш Төрийн банкинд жилийн 10 хувийн хүүтэй, таван төрлөөр иргэн 100 сая, ААН-д 300 сая хүртэлх зээл гаргана.
Энэ бол дундаж давхаргыг дэмжих зээл юм. Өмнө явж ирсэн шиг элдэв сангаар бус банкны системээр явуулна. Тэгснээр дундаж давхаргыг дэмжсэн ажлын байр нэмэгдүүлнэ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Би тайван сайхан байж чадахгүй байна. Маш их уур хүрч байна. Энэ улсыг ийм болгох гэж ардчилсан хувьсгал хийгээгүй байх. Монгол Улсын их 144 их наядад хүрлээ?
Ерөнхий сайд Н.Учрал: Бухимдах юу байх вэ, Жаргалан гишүүн ээ. Хамтдаа асуудлаа шийднэ. Шийдэх гээд явж байна. Надад олон төсөвтэй болох сонголт байсан. Өмнөх алдаа шиг. Төрийн өмчит компаний цэвэр ашгийг төсөвт авахгүй, Оюутолгойн ногдол ашгийг төсөвт авахгүйгээр та нарын нүдэнд 36 их наядаар харуулаад, 43 их наядын төсөв барьж болох байсан. Гэхдээ би тэр замыг сонгоогүй. Төсвийг олон болгодог нь алдаа.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэх мэт гэнэт босож ирээд эдийн засгаа хорлосон олон асуудлын үр дагаврыг бид зассаар л явна. Би хэнд ч бухаж ацаглаагүй. Ажлаа хийгээд зөв яаж явах вэ гэж бодож байна. УИХ-аас баталж өгсөн хуулийг хэрэгжүүлэх гэж зорьсон. Төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг хаана, хаана зарцуулахаа нэгбүрчлэн бичээд оруулж ирлээ. Бичихгүйгээр бие, биенээ хуурах алдааг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын өр 36.2 их наяд. 2016 онд энэ хэмжээ ДНБ-ий 90 хувийг давсан байсан. 39 хувь руу буурч байгаа. Хамтдаа асуудлаа шийдээд явцгаая.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Ирэх өвөл бид 3 дахин их эрчим хүчний хямралтай нүүр тулах нь ээ. Гэтэл өнөөдөр сайдаа солих гэдгээс өөр зүйлгүй явж байна. Хоёр жилийн хугацаанд 650 тэрбумаар нүүрс худалдаж аваад дуусгалаа. Гэр хороололд амьдарч буй иргэдийн 42 хувь буюу 92 мянган айл нь монгол гэрт амьдарч байна. 1-3 сая төгрөгөөр дулаалсан бол 250 тэрбумыг хэмнэх байлаа. 1 их наядаар нүүрс авч түлээд дуусгаад байх уу, эсвэл бодит шийдэл гаргах уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Ажлаа аваад эхлээд цахилгаан станцуудаар явж өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулсан. Хойд хормойгоор урдахаа нөхөж явсаар байгаад үнэнтэй нүүр тулсан нь үнэн.
Таван байршилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгаа. Гурав нь 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Эрчим хүчний салбарт нээлттэй байдлыг чухалчилж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл манай Засгийн газрын үед урагштай явж байгаа. Монгол гэрийн дулаалгатай санал нэг байгаа.
Дундаж орлоготой иргэдээ дэмжих Төрийн банкны зээлээр гэр дулаалгыг таван төрлийн зээлийн нэг болгож оруулсан. Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Жил болгон хятад улсаас түлш авдаг энэ байдлаас салах ёстой. 2027 оны өвөл гэхэд Монголд үйлдвэрлэсэн эхний түлшийг хэрэглээнд гаргаж эхэлнэ. Эрчим хүчний хараат байдлыг бууруулахын тулд ногоон дэд бүтцийг гааль, онцгой албан татвараас чөлөөлнө.
10 аймгийн дулааны станцын нэлээд хэдтэй нь өөрөө очиж танилцлаа. 45-50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Санхүүжилт нь зогсоод хэрэгжүүлж байсан компани нь шүүхэд оччихсон. Жил ирэх тусам энэ станцууд ашиглалтгүй болж байгаа. Тэгэхээр эднийг дуусгах уу, эсвэл мартах уу гэдэг сонголт бидний өмнө ирсэн. Энэ ажлыг дуусгамаар байна. Дахиж шинээр эхлүүлж чадахгүй. Аймаг, орон нутагт эрчим хүч хэрэгтэй. БНСУ-ын хэрэгжүүлж байсан компаний асуудал шүүхэд оччихсон юм билээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Популизмаар ажил явж байна. Парламент өш хонзонгийн сэдэлтэй өдөр хоног аргацаасан улс төр хийж байна. Төрийн хулгай чинь дуусахгүй байна. Төрийн өмчит компаний захирлууд чинь 20-оос дээш сая төгрөгийн цалин авч байна. Төр хангалттай бүсээ чангалахгүй байна аа?
Ерөнхий сайд Н.Учрал: Манай Засгийн газар ТӨК-иудын засаглалыг сайжруулахад бодитой үр дүн гаргаж, шахаж ажиллаж байна. Засаглал нь олон улсын менежментэд шилжих бэлтгэл ажлыг хангаж байна.
ТӨК-иудын хувьчлалын бодлогыг 10 дугаар сард УИХ-д оруулж ирнэ. Энэ ажлууд маш богино хугацаанд хурдацтай явж байгаа. Ашиггүй ажиллавал та нар байхгүй шүү гэдгийг хэлсэн. Нэлээд улстөржилттэй тулгарч байгаа нь үнэн. Өмнө нь хэзээ ногдол ашгийг тэтгэвэр, тэтгэмж, цалинд зарцуулдаг байсан юм. 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс ТӨК-иудын бүх захирлыг ажлаас нь чөлөөлнө. Төрийн ажлаа хийе, ард иргэдээ бодъё гэдгийг л би намынхандаа хэлдэг. Ард иргэдээ бодсон төрийн шийдвэрт хувь хүний агуулгаар хандвал шат, шатандаа хариуцлага яриад явна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Төр хямарсан, түмэн ядуурсан байна. Сүүлийн 30 жилд нийтээрээ хүнд амьдарч байгаа. Засгийн газар УИХ-ын баталсан тогтоолыг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Та бол боловсролын салбарын төлөөлөл. Тэр утгаараа багш нар юу хэлж байгаа бол гэж таны үгийг сонсдог. Багшаа бод гэдэг таны үгийг санаж, төсвийн тодотголд цалингийн нэмэгдлийг оруулж ирлээ. Багш нарынхаа төлөө өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Төрийн ачааг үүрч байгаа хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдээс уучлалт гуйж, хариуцлагатай хандана.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах ажлыг ирэх жилүүдэд хэрхэн хэрэгжүүлэх вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эцэслэн тогтоож чадсан уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Эдийн засаг, хөгжлийн сайд байхаасаа эхлээд л ДНБ, тэнцвэржүүлсэн орлогыг харьцааг 30 руу буулгах ёстой гэж ярьж хэлж төсвийн хүрээгээ батлуулсан. Мэргэжлийн холбооны хууль сая батлагдаад анх удаа Уул уурхайн ассоциаци мэргэжлийн нэгдсэн холбоо боллоо. Тэгэхээр зөвшөөрөл, дүрэм журам, судалгааны чиглэлийн ажлуудыг өгнө. Салбар болгонд шүү. Төрийг ингэж байж цомхон болгоно. Гэтэл хувийн хэвшил төртэй ажиллах сонирхолгүй болж байна. Гурван талт хэлэлцээр албажаагүй байгаа. Төлөөллийн байр суурийг сонсоно. Цалин, тэтгэврийг нэмэх нь хувийн хэвшилд хүндээр тусна гэж байхгүй.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ асуудлаар таны байр суурийг сонсоё. Залуучуудын орон сууц, ажлын байр гэх мэт олон асуудлыг ярих ёстой юм?
Ерөнхий сайд Н.Учрал: Ажлын хэсгийг нь ахалж батлуулж байлаа. Тэр хуульд орон сууцаар хангаж болно, гарааны компаниудыг байгуулж болно гэх мэт үүрэгжүүлээгүй үгнүүд байгаа. Анх бол байна, тэгнэ, ингэнэ гэдэг үг байсныг Их хурлаар мэтгэлцээний явцад ерөнхий байдлаар хуульчилчихсан. Бариад ороод ирэхээр төсөв мөнгө хөндөгддөг ийм асуудал. Энэ хуулийг илүү үүрэгжүүлж өгөөсэй.
Залуу гэр бүлүүдийг орон сууцны бодлогоор дэмжинэ ээ. Төрд байгаа 4000 айлын орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь бууруулах зэргээр дэмжинэ. Анх удаа байранд орж байгаа залуу гэр бүлийг дэмжих бодлого гэсэн үг. Оюутнуудыг НДШ-ээс чөлөөлөх хууль мөн хэрэгжинэ. Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд илүү анхаарч ажиллана. Тантай хамтран ажиллах болно. Ирэх оны төсөв бол бүхэлдээ боловсролын реформ юм.

УИХ-ын гишүүн Бат.Батбаатар: Авлигын төсөөллийн индексийг урагшлуулж чадах уу. Улстөржиж болно гэхдээ иргэдээ мартсан улс төр хийж болохгүй гэдгийг хэлье?
Ерөнхий сайд Н.Учрал: Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан туршлага, баг бий. Авлигын төсөөллийн индексийг урагшлуулна. Өнөөдөр захирамж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаний хуулийг баталсан нь том амжилт болсон шүү. Одоо Шүгэл үлээгчийн тухай хууль, Б.Уянга гишүүний өргөн барьсан Байгалийн нөөцийн хуулийг батлах ёстой. Ингэж шилэн ажиллагаанд 820 мэдээллийг нэгтгэснээр хоёр байр урагшлах хариу ирж байсан.

