ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Баасан: С.Баярыг өрөөндөө дуудаж дарамталсан байж болзошгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-24

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс эрүүл мэндийн шалтгааны улмаас Цагдан хорих 461 дүгээр ангиас хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хорих 461 дүгээр ангийн сэжигтэн, яллагдагчийг хорих бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн С.Баярын бүртгэлтэй танилцсан. Энэ талаар товч мэдээллээ тавдугаар сарын 2-нд хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Гэтэл Тавдугаар сарын 3-нд хоригдож буй С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал албан өрөөндөө авчирч, дарамталсан байх магадлал өндөр байна. Тусгай камертай өрөөнд байцаалт авах ёстой байтал Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд шууд нөлөөлж, С.Баярыг ажлын өрөөндөө оруулсан нь илт хууль зөрчсөн, дарамталсан үйлдэл юм” гэлээ. 

Түүнчлэн, тэрбээр “Энэ үйлдэл нь 60 тэрбумын хэргийг нуун дарагдуулах зорилгоор С.Баярыг хордуулж, золигт гаргах оролдлого байж болзошгүй. Дөнгөж 61 настай хүний бие гэнэт муудсан нь хордуулсантай холбоотой байж магадгүй. Энэ хэргийн ард М.Энхболдын бүлэглэл байгаа гэж хардаж байна. Х.Энхжаргал М.Энхболдын захиалгаар тавдугаар сарын 3-ны 13:00-17:00 цагийн хооронд С.Баярыг дарамталсан байх магадлалтай” гэдгийг онцоллоо. 

Бид уг хэвлэлийн бага хурлын талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.