Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр шударга бусын хонгилыг нураахыг хүсч байгаа хүн бүхэн өөртэй нь нэгдэхийг хүссэн юм.
Мэдээллийн эхэнд тэрбээр “Монголчууд бид арга ухаан, эв нэгдлээрээ үнэт зүйлсээ сахин хамгаалж, төрийнхөө үйлийг ард түмний хүсэжлэлд нийцүүлж, нийтээрээ чинээлэг, элбэг хангалуун, тэгш журамтай төрөө төвшитгөхийн төлөө нэгдэн цохилж байгаа үе ирээд байна. Цаашдаа Монголын нийгэм яаж явах вэ гэдэгт гарц, шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болсон гэж би бодож байгаа. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Иргэд өнөөдөр шударга ёс, боломжийг биднээс нэхсээр. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж, олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байгааг та бид хаж байна.
Баяжих, хөлжих донтнуудын хөлд Монгол Улс туйлдаж гүйцлээ. Жирийн иргэд хохирч, Монголд амьдрах нөхцөл улам бүр хүндэрч байгаа. Улс төрийн диваажин байгуулж, ард түмний өмчийг хулгайлж авдаг. Хулгайн өмчүүдээ хувийнх гэсэн бамбайгаар далдалдаг увайгүй цөөн хэдэн хүмүүсийг шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр хэдэн тэрбумаар завшсан, мянга мянган өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг нэн яаралтай тараах хэрэгтэй.
Улмаар сонгууль зарлаж, шударга иргэдийн төлөөллийг сонгохын төлөө тэмцлийг эхлүүлцгээе. Монголын ард түмний өмч болсон газрын доорхи баялгийг, нийслэлийн газрыг зарж баяжсан хүмүүст шударга хариуцлага тооцъё. Иргэддээ биш эрх мэдэлтнүүд тал засан үйлчилдэг, захиалгаар хэлмэгдүүлдэг “Шударга бусын хонгил”-ыг нурааж, тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тулд та бидний хамтдаа хийх ажлыг би санаачилж, зарлаж байгаа юм. Гурван төрлийн ажил хиймээр байна.
Нэгд, шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт шударга ёсыг сэргээн тогтоое. УИХ-ыг тараахаас эрс шинэчлэл эхэлнэ. Хуулийн салбараас шударга ёсыг эхлүүлнэ. Гэм буруутай нь шүүхээр тогтоосон бол бурууг нь хүлээлгэдэг, шийтгэдэг байя. Хувь хүн засагладаг биш, хууль засагладаг байдлыг эхлүүлье.
Хоёрт, байгалимйн баялгийг ард нийтийх болгое. Лиценз наймаалцдагийг зогсоож, ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн байх ажлыг зохион байгуулна.
Гуравт, чинээлэг дундаж давхрагыг бий болгоё. Цөөнх нь баяжиж, олонх нь ядуурдаг нийгмийг өөрчилье” гэж уриалаад, тэрээр Шударга бусын хонгилыг нураах "Нэгдмэл Монгол" ТББ байгуулж байгаагаа мэдэгдлээ. Дээрх гурван зорилгыг дэмжиж байгаа бүх хүнд энэхүү ТББ-ын үүд хаалга нээлттэй, хамтран тэмцэе” хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэллээ.