ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Би М.Энхболдыг өнөөдөр өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна

O.Admin
2018-12-18

МАН-ын Бага хурал “Тусгаар тогтнолын ордон”-д болж байгаа билээ. Хурал 11:40 цагт 64.3 хувийн ирцтэй эхэлсэн. Хурлын эхэнд МАН-ын дарга , Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьж, намын нөхөддөө ширүүхэн үг хэлжээ. 

Тэрбээр “МАН  ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсэж байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байгаа. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл.

Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна. Энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан. Болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан. М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй. Гэвч завдсан нь үнэн.

Би нөхдөө бодож болно. Зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл.
Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй.

Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны "До" яам шиг болно.  Хүмүүс үүнээс айдаг болсон. Сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу?.

Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл Монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу. Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна.Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ.

Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэн итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ. 
Түүний дараа намын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн байна.