ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“60 тэрбум” = Хэн юу хэлэв

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-23

Манай улсад Авлигатай тэмцэх газар хэмээх эрх мэдэл их, төсөв мөнгө чамлахааргүй байгууллага байх боловч авлигын нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрсээр л байна. Тухайлбал, “Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2017 оны “Авлигын төсөөл­лийн индекс”-ийг зарлахад Монгол Улс 36 оноо авч дэлхийн 180 орноос 103 дугаар байранд бичигдсэн байдаг билээ. Өмнө нь манай улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87 байранд орж байсан бол өнгөрсөн жил ийнхүү 103 дугаарт жагссан нь энэ. Авлигын нөхцөл байдал хүндэрсээр байхад АТГ хэмээх байгууллага бахь байдгаараа сардаа нэг хэвлэлийн хурал хийхээс хэтрэхгүй болов. Бүр сүүлдээ төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн өндөр албыг хашиж байсан хүмүүс мэдээллийн хэрэгслээр баримттай барин тавин хэлээд байхад ч хэрэг болгон татан авч шалга­даггүй, шалгасан дүнгээ олон нийтэд мэдээлэлгүй өдийг хүрлээ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг, “Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар авсан гэх “49 хувийн хэрэг”, “Хөгжлийн банкны хэрэг”, “АСЕМ-ын хэрэг”, “ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон албан тушаалтнуудын хэрэг”,  төрийн өндөр албан тушаалт­нуудын холбогдсон хэргүүд, “60 тэрбумын хэрэг” гээд нийгмийн анхаарлын төвд буй олон олон хэргүүд бий боловч өнөөдрийг хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Их л сайндаа “нэг сар хорилоо”, эсвэл “шалгаж байна” гэх боловч хэрэгсэхгүй болголоо, хаалаа гэдэг нь мэдэгдэхгүй таг болох нь олон аж. Төрийн эрхийг хууль бусаар авсан гэх “60 тэрбумын хэрэг” гэхэд сүүлийн хоёр сонгууль дараалан сөхөгдөж  эдүгээ ч олны анхаарлын төвд байсаар. Гэтэл АТГ-аас “шалгалаа, хаалаа”, “дахин нээлээ, хаалаа” хэмээх хэдэн үгтэй сууж байна. Гэтэл энэ хэргийн талаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтнууд нь шалгах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Хэрэгт орооцолдсон гэх УИХ-ын дарга М.Энхболд хүртэл өөрөө шалгуулъя гэж мэдэгдсэн удаатай. Тиймээс “Монголын мэдээ” сонин “60 тэрбум”-ийн хэргийн талаар төрийн өндөр алба хашиж байсан болон эдүгээ ч хашиж байгаа зарим эрхмүүдийн мэдээллийн хэрэгслэлээр ярьсан үгсийг энэ удаагийн дугаар онцолж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА: 

Caption

“2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна. 2018 оны зургадугаар сарын 26-ны өдрийн “Вашингтон пост” сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар маш дэлгэрэнгүй нийтлэгдсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус дэлхий нийтээр гарч, яригдаад эхэллээ. “60 тэрбумын” асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан талаар би сонссон. Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсмээр байна. 

2018/6/28

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ: 

Caption

-Газрын наймаа, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын даргаас шаардлаа. “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш. 

2018/11/23

 

 

 

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ: 

Caption

-Одоо бидэнд “60 тэрбум”-ын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр М.Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. 60 тэрбумын бэлгэ тэмдэг нь М.Энхболд та өөрөө. Манай намын хотын гэх фракцад Ц.Элбэгдоржийн толгойлдог АН-ын Үндэсний дэвшлийн нам гэх цөөн тооны асар их мөнгөтэй бүлэглэл М.Энхболдтой нэгдэж “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан. 

2018/12/19

 

 

 

УИХ-ын дарга М.ЭНХБОЛД: 

Caption

-Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч “60 тэрбум”-ын гэх зохиомол хэрэгт нэр холбогдож, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбог­дуулсандаа туйлын харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье”. 

2018/8/21

 

 

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

Caption

-АТГ “60 тэрбум”-ын маш бодитой бичлэгтэй хэргийг шалгасан. Хэрэв “60 тэрбум”-ын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн би “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. 

2018/6/15

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.АЛТАНХУЯГ: 

Caption

-“60 тэрбум” бол нэг л баримт. Бас оффшорын асуудал бий... Улаанбаатар хотын албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалах тухай 65 гишүүн биш, нэр бүхий 2-3 хүн, тэр дундаа намын дарга нь ярьсанд асуудлын гол байгаа юм. Тэр зарах төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч байх. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл шүү дээ. Гэтэл энэ хэргийг нь хаачих шиг боллоо. Энэ бол хууль ёсыг уландаа гишгэсэн том доромжлол. Ингэхээр л төрд итгэх тухай ярилтгүй болж байгаа юм. 

2017/12/10

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

Caption

-Би саяхныг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Тухайн үед бичлэгт холбогдсон нөхөд эвлүүлэг гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг эвлүүлэг гэсэн албан тоотыг намд ирүүлсэн. Энэ бүхнийг үндэслээд би 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна”.

 2017 /8/ 18