ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр шударга ёсны төлөө тэмцэж чадсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа буух хүртэл чуулгандаа оролцохгүй гэдгээ мэдэгдэж, мөн огцруулах бичгийг өөрсдийн албан бланк дээр цуглуулсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 10-нд буюу ирэх пүрэв гарагт олон нийтийн жагсаал зохион байгуулах талаараа мэдээлэл өгсөн юм.

Л.Болд гишүүн хэлэхдээ “Монголын улс төр өөрөө бохирдсон, МАНАН-гийн дэвсгэр болж байна. Төрийн бүх салбар байгууллага иргэний хяналтад байх ёстой. Иргэн хүн төрдөө хяналт тавьдаг, стратегийн орд газруудаас ашиг хүртдэг байх ёстой. Их хурлын шинэ удирдлага сонгогдсоны маргаашнаас иргэний хяналтыг бий болгох талаар хуулийн төсөл боловсруулна. Ээлжит чуулган хүлээхгүйгээр хоёр, гуравдугаар сард ч ажиллах ёстой. М.Энхболд гэж хүн ажлаа өгөхгүй гэснээс болоод маш олон хуулийн төсөл хэлэлцэж амжихгүй хүлээгдэж байна. Энэ бүхнээ хэлэлцээд явах ёстой. Арванхоёрдугаар сарын 27-нд бид тайван жагсаж чаддаг, зөв ойлголцол зөвшилцлийн замаар урагшилж байна гэдгээ харуулсан. Тиймээс энэ сарын 10-нд ч мөн тайван замаар улс орны тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө дуу хоолойгоо гаргана гэж итгэж байна” гэв.

Харин Ж.Батзандан гишүүн “2018 онд эхэлсэн тэмцэл энэ онд амжилтад хүрнэ гэж итгэж байна. Монголчууд гахай жилд дандаа ялж ирсэн. МАНАН дэглэм байгаа. Бүх талаар эрдэмтэн судлаачид судалгаа гаргасан байна. Манжийн хаан монголчуудаас авч байснаас  илүү татварыг МАНАН дэглэм авч байна. М.Энхболдыг огцруулахаар асуудал шийдэгдэх юм уу гэж асууж байна. Нуран унадаг юм. Манжийн амбанг хөөж явуулснаар манжийн дарлал нурсан юм. М.Энхболд буюу МАНАН дэглэмийн толгойлогчийг хөөж байж төр цэвэршинэ. Бид улс төрийн суулт, улс төрийн өлсгөлөн зарлана. Энэ улсын төлөө хайран амь гэж байхгүй. Амиа өгөх ёстой бол өгнө. Шударга ёсны төлөө золиослох ёстой бол золиослоно. Бидэнтэй хамт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэгдсэн. Тэднийг доромжлохыг зүгээр хараад сууж чадахгүй” хэмээлээ.

Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Бид сэтгэл хөдлөлөөр ингээд байгаа юм биш. Улс төрийн нөхцөл байдлыг цаашдаа хэвийн явуулахын тулд үүнээс илүү гарц алга. Бид олон улсын байгууллагад хандана. Дэлхий нийт анхаарал хандуулж байгааг хүртэл бид мөнгө өгөөд гаргасан мэтээр мушгисан. Албан тасалгааны цонхоороо амьдралыг мөнгө гэж хардаг хүмүүст бид цохилт өгөхгүй л бол болохгүй. Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр бид шударга ёсны төлөө тэмцэж чадсан. Шинэ нийгмийг бид хамтдаа бүтээнэ. Стратегийн орд газруудаа төрийн мэдэлд авч, Норвеги шиг бусад салбараа дэмжих боломжтой юм. Бид уйдаж, шантарч, урваж болохгүй” гэсэн юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа гэдгээ хэлсэн бөгөөд шударга ёсны төлөө тэмцэлд дахин нэгдэхийг иргэдэд уриаллаа.