Жагсагчдын төлөөлөлтэй уулзахдаа албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр, ҮАБЗ-ийн хуралд оролцохоор явж байхдаа сэтгүүлчидтэй тааралдаж, мэдээлэл өгөв.
М.Энхболд дарга хэлэхдээ “Сүхбаатарын талбайд жагсаж байгаа улстөрчдийн болон иргэдийн төлөөлөл надтай уулзах санал тавьсан. Би уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон. Өмнөх арванхоёрдугаар сарын 27-нд надад ирсэн 4-5 зүйл шаардлагын хариуг өгөхөөр болсон. Хуудас гарантай шаардлагын хариуг өгөх гэсэн ч хариу авахгүй ээ гэдэг зүйл ярьсан.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ч гэсэн би байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа. УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Орж ирсэн хүмүүс бухимдалтай байна лээ. Би тэрнийг ойлгож байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ бүхнийг Их хурал хуралдаж шийдмээр байна. УИХ-ын ажлын хэвийн явуулаасай гэж хүсэж байна. Тэгээд энэ мэт асуудлаа шийдэх ёстой” гэсэн юм.