ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг 1995 оны охинд шилжүүлсэн байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-27

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ноцтой мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Олон улсны байгууллагад ажиллаж байсан. Тийм болохоор баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэн доромжилж болохгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Бидэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дугтуйтай бичиг ирсэн. Бид нягталж үзсэн. Үнэн болж таарсан.

Бид Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга өгсөн. Мөн бүртгэлийн газар, холбогдох байгууллагууд, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах, шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн. Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн байгаа. 400 сая ам.доллараар авсан гэх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар Номуундарь гэдэг бүсгүйд шилжүүлсэн байгаа юм.  Сингапурт бүргэлтэй компанитай юм байна. Үүнээс ямар үр дагавар үүсэх вэ гэхээр, Монгол Улсын хуулиас гараад явчихлаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй байна гэсэн үг. Арбитрын шүүхээр асуудлыг шийдэх болно. Гэтэл Засгийн газар өөрөө Арбитрын шүүхэд ялагдах чиглэл өгч байсан, Ч.Сайханбилэг тийм үүрэг өгсөн талаар Зориг гэдэг залуу мэдээлэл өгөөд байгаа шүү дээ. Энэ бол туйлын ноцтой баримт. Та бүхэн энэ бүхний хойноос эрэн сурвалжлаарай.

Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 Сингапурын компанийн мэдэлд очвол УИХ-аар хууль гаргаж батлаад ч мөрдөгдөх боломжгүй болно. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр ч хүчин төгөлдөр үйлчлэх боломж байхгүй болох юм. Дараа нь 40 сая ам.доллараар хэн нэгэнд худалдаж болохоор болно. Энэ Номуундарь гэдэг эмэгтэй 1995 онд төрсөн байгаа юм. Батсайхан овогтой Номуундарь гэдэг охинд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжиж байгаа юм.  Бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь яагаад энэ хоёр залуугийн гарт ороод, шилжээд яваад байдаг юм бэ.

Талбайтай холбоотой асуудалд хэвлэлийнхэн та бүхэн бас анхаарлаа хандуулаарай. Төв талбайгаа нэг компанид алдчихсан улс орон гэж дэлхийн өөр хаана ч байхгүй.  Төв талбайн урд талын гэр барьчихсан байгаа хэсгээс өмнөх газарт барилга барихаар төлөвлөөд, зураг нь гарчихсан гэдгийг бид олж мэдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан нөхдүүд энэ газрыг авсан байна билээ.

Төрөөс, парламентаас дээр эрх мэдэлтэй хүмүүс байна гэдэг нь энэ. Үе үеийн Засгийн газар, хотын дарга нар харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг явж ирсэн. Бид энэ бүхнийг дэлгэж тавина. АТГ-т ч өгнө. Бадамжунайтай холбоотой асуудлууд ч энд байгаа. Тэр ч битгий хэл нийслэлийн байрыг яаманд шилжүүлэхээр тохироо хийчихсэн. Нийслэлийг Яармаг руу шилжүүлэхээр яриад байгаа. Гэтэл нийслэлийн оффис баригдах орчны эргэн тойрон дахь газрыг Бадамжунай тэргүүтэй хүмүүс худалдаад авчихсан. Газрын наймааны схем гэдэг чинь энэ. 

Одоо бол тэр ямар ч үнэлэмжгүй газар байхгүй юу. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр тэнд баригдсанаас хойш ам.метр нь 1 саяас дээш ам.долларын үнэлэмжтэй болно. Энэ чинь л эдний зохиодог газрын наймаа. Б.Наранхүүд өгсөн газрууд байна. Эхлээд үнэгүй зүгээр өгчихсөн. Дараа нь төлөвлөлт гараад ирэхээр ам.метр нь хэчнээн сая ам.долларын үнэтэй болсон. Энэ мэт газрын наймаатай холбоотой асуудлыг бид гаргаж тавина” хэмээлээ.