Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн гүүрийг шинээр барьж байгуулахад улсаас 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл уг гүүрийг барьж байгуулах ажил яг одоогоор 65 хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллах үеэрээ намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд танилцуулан иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг нь сонсож байна. УИХ-ын гишүүнээс иргэд ихэвчлэн малчдын тэтгэврийн талаар болон хүүхдийн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдэл, бензин шатахууны үнийн өсөлтийн талаар хамгийн ихээр сонирхож асууж байсан юм. Эдгээр асуултуудад З.Нарантуяа гишүүн дэлгэрэнгүй хариулж, зарим асуудлыг өөрийн “Нарантуяа сан”-гаас шийдэх, томоохон тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газарт танилцуулна гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тойрогтоо ажиллах үеэрээ Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн гүүрийн ажлын явцтай танилцсан юм. Цагаанхайрхан сумын Засаг дарга Ц.Нэргүй “Ширээгийн голын гүүрийг барихыг олон жилийн өмнө яригдаж байсан ч ажил болдоггүй байв. Энэ гүүрээр малчид нүүдэллэхэд хүндрэлтай байдаг. Тус гүүрийг 2018 оны зургадугаар сараас “ЗЗБ” компани хийж гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдөр 65 хувьтай явж байна” хэмээн танилцуулав.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ширээгийн гүүр олон жил яригдсан. 2018 онд 2.2 тэрбум төгрөг улсын төсөвт сууж энэ жилээс гүүрийн барилгын ажил хийгдэж байна. 2019 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Ширээгийн гол зундаа их үерлэдэг учир малчид, тээвэрчдэд ихээхэн хүндрэлтэй байдаг” гэв.
Тус гүүр баригдаж дууссанаар босоо тэнхлэгийн зам сайжирч, улмаар Цагаанхайрхан сумын иргэдийн амьдралд эерэг үр дагавар гарна гэж нутгийн иргэд үзэж буй аж.