“ШХАБ” буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх тухай яриа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг томилогдсоноос хойш эрчимтэй яригдаж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа БНХАУ-ын Чиндао хотноо болсон гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор явахад ч Ерөнхийлөгч улсаа ШХАБ-д элсүүлэхээр явлаа. Тэр “стан” орнуудтай “нэг хөнжил”-д орж, гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийхээр шийджээ гэх мэтээр улстөржүүлж байв. Гэвч Ерөнхийлөгч тэнд очоод “Дотооддоо маш сайн ярилцана.
Ард түмнээсээ санал асууна. Судална” гэсэн үг хэлээд л орхисон. 15 жилийн хугацаанд ажиглагч статустай явсан манай улсыг гишүүнээр элсүүлэх сонирхол мэдээж байгаа. Гэвч Ерөнхийлөгч Монголдоо болон олон улсын томоохон хурал зөвлөгөөн, уулзалтад энэ талаар ам ангайсан удаагүй. Харин хоёр хөрштэйгөө олон жил яригдаж буй “Эдийн засгийн коридор” байгуулах ажлыг жигдлэх талаар ярьж байна. Нефтийн хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах талаар санал санаачилга гаргалаа. Зүүн Азийн эрчим хүчний “гол тоглогч” нь Монгол Улс байх ёстойг ярьж, үндэсний үйлдвэрлэл тэр дундаа хөдөө аж ахуйн салбараа хөл дээр нь босгох талаар чамгүй ярьж байгаа. Гэвч хэн ямар зорилготойг мэдэхгүй ч хаврын хаварт л Х.Баттулга улс орноо ШХАБ-д оруулж, БНХАУ болон ОХУ-ын шууд хараа хяналтад оруулахаар санаархаж явна гэх мессеж тардаг болжээ. Энэ жил ч өнөөх яриа эрчээ авч, дипломатууд, олон улс судлаачид, улстөрчид талцан хуваагдчихаад орох ёстой, ёсгүй хэмээн цэц булаалдаж байх юм. Зарим нэг хийрхэгчид “Үндэсний аюулгүй байдал алга боллоо. Монгол Улс тусгаар тогтнолоо алдах нь энүүхэнд болсон. Бид гуравдагч хөршөөс нэг мөсөн харилцаагаа таслах нь тодорхой болов. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төвийг сахих бодлогыг үгүй хийжээ” гэх мэтээр хийрхэж эхэллээ. Ерөөс элсэх, элсэхгүйн тухай маргааныг зориуд өдөөн хатгаж, иргэдийн тархийг угаагаад байна уу гэж хардах сэтгэл ч төрдөг болов. ШХАБ гэдэг нь яг юу юм, яагаад бид элсэх ёстой, ёсгүй талаар мэддэг нь тун цөөхөн. Энэ талаар дагнасан судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид ч манайд ховор байдаг юм билээ. Ганц нэг байдаг ч намын нөлөөгөөс болж дуугарч чадахгүй явдаг. Харин тэтгэвэрт гарсан дипломатч, Ерөнхий сайд байсан ганц, нэгхэн хүн зөв буруугийн тухай ярьж байна. Иргэд энэ талаар ойлголтгүй ч нэг талыг барьсан мэдээлэлд төөрч, шуурч байгаа нь худлаа биш. Тэр ч утгаараа энэхүү нийтлэлээр зөв гэж үзсэн нь ямар өнцгөөс тайлбарласан, харин буруу гэж яриад байгаа нь үндэслэлээ хэрхэн тайлбарласан, нөгөө талаас ШХАБ гэдэг нь яг ямар зорилготой байгууллага болох талаар товч ойлголт өгье.
ШХАБ нь цэргийн эвсэл мөн үү
Энэ асуултад “үгүй” гэсэн хариулт өгөх нь зөв байх. 1996 онд Шанхай хотноо анх Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, “Шанхайн тав” эвсэл байгуулагдсан байдаг. Энэ өнцгөөс харсан хүмүүс ШХАБ бол АНУ-ын НАТО-гийн эсрэг байгуулсан “цэргийн эвсэл” хэмээн мушгих нь бий. Гэвч тус байгууллагын 2025 он хүртэлх үйл ажиллагааны үзэл баримтлалд цэргийн эвсэл, байгууллага биш байна хэмээн тусгасан байдаг билээ. Тус баримт бичигт “ШХАБ бол цэрэг, улс төр, аюулгүй байдлын байгууллага эсвэл улс орны бүрэн эрхээс дээгүүр тавигддаг интеграцийн байгууллага болж хөгжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Барууны буюу АНУ, Европын орнууд ШХАБ бол ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл мөн. Иран тус эвсэлд элссэн нь дэмжлэг авах зорилготой гэж харддаг нь олон улсын судлаачдын тухайд эвсэл мөн гэсэн дүгнэлтийг нь баталгаажуулдаг байх талтай. Түүнчлэн, 2002 оноос эхлэн бүс нутгаа терроризмын аюул заналаас хамгаалах үүднээс хамтарсан хээрийн сургуулилт хийдэг болсон нь хардлага бий болох гол үндэслэл болдог аж. ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдлыг хангаж, терроризм, хэт даврагчидтай тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүчний түншлэл болон соёлын салбарт хамтран ажиллах явдал гэж үздэг. Харин тэргүүлэх чиглэлд нь тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын чиглэлүүд багтжээ. Евроазийн эх газрын 61 хувийг эзэлж буй, ажиглагч болон гишүүн орнуудын хүн амтайгаа нийлээд 3.1 тэрбум хүн амтай дэлхийн нөлөө бүхий эвсэл нь 2002 оноос байгууллага болон өргөжиж, эдүгээ найман гишүүн /ОХУ, БНХАУ, Казахстан, Киргистан, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан/, дөрвөн ажиглагч /Монгол, Бларусь, Иран, Афганистан/, зургаан яриа хэлэлцээний түнш /Армен, Азербайжен, Камбож, Балба, Шри-Ланка, Турк/ орныг өөртөө нэгтгэсэн томоохон байгууллага болон өргөжжээ. Гишүүн орнуудын ДНБ-ий нийлбэр нь 12.5 их наяд ам.доллар болсон бөгөөд 2003 онд Бээжин хотноо эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны 2020 он хүртэлх хөтөлбөрийг баталж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гишүүн улс хоорондын дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулах санал гаргаж, ойрын таван жилдээ буюу 2020 он хүртэл арван чиглэлийн 100 төсөлд, 100 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр тодотгожээ. Харамсалтай нь энэ төсөл хөтөлбөр зөвхөн гишүүн орнуудын хүрээнд хэрэгжих бөгөөд ажиглагч болон яриа хэлцлийн түнш орнууд багтсангүй.
Монгол Улс гишүүнээр элсэх нь зөв
Өмнө хэлсэнчлэн Монгол Улс ажиглагч орны статустай 15 жил болж байна. Жинхэнэ гишүүн болгох тухай яриа 2014 оноос яригдаж эхэлсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид ажиглагч статусаа идэвхтэй хадгалсаар байх болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дараагийн Ерөнхийлөгч болох Х.Баттулга ч “Бид анхааралтай судална. Байр сууриа дээшлүүлэх талаар ярилцана” гэж мэдэгдсэн байдаг. Энэ нь элсэнэ гэсэн үг биш. Тэр цагаас хойш дэлхийн олон Монголын олон ч судлаачид элсэх, элсэхгүйн тухай яриа хэлцэл өрнүүллээ. АНУ зэрэг зарим орны судлаачид “Даяаршиж буй энэ цагт гишүүнээр элслээ гээд буруудахгүй. Хүндэтгэлтэй хандана” гэсэн утгатай үг унагасныг Монголын хэвлэл мэдээлэл орчуулан хүргэж байлаа. Тэгээд ч үйл ажиллагааных нь сөрөг хандлагаас өөрийгөө хамгаалах, гишүүнээр татгалзах эрх нь бас нээлттэй байдаг аж. Гишүүнээр элсээгүй тохиолдолд бүс нутгийн улс орнууддаа хийж буй хөрөнгө оруулалтаас хоцрох, олон жил яригдаж буй эдийн засгийн коридор, автозамын төсөл зэргээс хасагдсаар байх болно гэж үзсэн судлаачид элсэх нь зөв гэж байр сууриа илэрхийлж байгаа. Тухайлбал, Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр “ОХУ-ын эдийн засгийн сэргэлт, БНХАУ-ын үсрэнгүй хөгжилтэй уялдсан олон улсын харилцааны олон туйлт шинэ дэг тогтолцоо юм. Энэхүү шинэ дэг тогтолцооны татах хүчний гол төвд нь Монгол Улс байрлаж байна. Нэгэнт бид бүтцийнх нь төвд байгаа бол энэхүү бүтцэд нь оролцож олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд олон талт гадаад бодлого явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголыг тойрч байгаа бүс нутгийн байгууллагуудын дунд орж ажиллах шаардлага тулгарч байна. Олон улсын байгууллагад 14 жил ажиглагч гишүүн байна гэдэг хангалттай хугацаа. ШХАБ-д элсэх цаг нь болсон. Гагцхүү үүнийгээ гуравдагч хөрш орнууддаа зөвөөр ойлгуулж чадвал бидний байр суурийг хүндэтгэнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Эрдэнэчулуун, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон, УИХ-ын дэд дарга асан Л.Цог, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны профессор Ж.Баясах нарын эрдэмтэн судлаачид “ШХАБ-д элсэх цаг нь болсон. Гуравдагч хөршийн бодлогод нөлөөлөхгүй. Бүс нутгийнхаа хөгжлөөс хоцрохгүй, эдийн засгийн хөгжлийн нэг тоглогч байхыг хүсвэл элсэхээс өөр замгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Мөн зарим хуульчид ч ийм байр суурь илэрхийлж буй.
“ШХАБ биднийг хазайлгана”
Ийм байр суурь баримталж эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг бий. Тэд үндэслэлээ “Ардчилсан улс орон атлаа “стан” орнуудын хэмжээнд очиж болохгүй. ШХАБ бол улс төрийн нөлөөлөлд оруулна. Арайхийж олж авсан төвийг ажиглагч статусаа гээх нь аюултай. Дэлхий хэд ч хуваагдаж мэдэх цаг үед нэг байгууллагад гишүүнээр элсэж явах нь эрсдэлтэй” хэмээн хамгаалж байгаа. Мэдээж хоёр талын энэ мэт маргаан мэтгэлцээн өрнөснөөр илүү эрүүл шүүмж гарч ирэх учиртай. Энэ бүх хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачдын санаа онооны үндсэн дээр УИХ-аар асуудлыг хэлэлцэж дэмжих, дэмжихгүйг шийддэг. Мэдлэгтэй юм шиг аашилж буй хэсэг бүлгийн яриад байгаа шиг Төрийн гурван өндөрлөгт суугаа ҮАБЗ-ийн гурван хүний саналаар шийдэгдэх асуудал огт биш билээ. Элсэхийг эсэргүүцэж буй улстөрчдийн тэргүүн эгнээнд Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай байгаа. Тэрбээр, “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, гишүүнээр элсчихвэл том төслүүд нь гараанаас гарч, зээл тусламж бороо шиг асгарна гэсэн ойлголт байхгүй гэж тэд дүгнэж байна. Мөнхийн хоёр хөршийнхөө эсрэг дуугарч, тэднээс ангид явах боломжгүй ч жил бүр уулзалт хийж буй “Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт”-аар энэ бүхнийг зохицуулж, төсөл хөтөлбөрт санхүүжилт татаад, хамтран ашигтай хөгжих гарц хайгаад явах боломжтой гэж үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улсаа гадагшаа зарж болохгүй. Урвагчдын дээд урвагчид л ШХАБ-д элсүүлнэ” хэмээн эсэргүүцсэн бол улс төр судлаач Д.Энхбат “Гуравдагч хөршийн бодлого биднийг Орос руу хазайлтаас гаргасан. ШХАБ биднийг урагш нь хазайлгана. Эдийн засгийн хувьд урагшаа хазайчихсан энэ цагт ШХАБ түүнийг албажуулж, улс төрийн удирдлагын хүрээнд аваачна” хэмээн дүгнэжээ. Мөн Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, нийтлэлч, дипломатч Г.Баярхүү, Нийтлэлч Баабар зэрэг хүмүүс “элсэх шаардлагагүй, ажиглагч статусаа хадгалаад явсан нь зөв” гэж дүгнэжээ.