УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар АТГ-ын шинэхэн удирдлагуудыг томилов. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар хууль зүйн салбарт 24 жил тасралтгүй ажиллаж буй ЦЕГ-ын дэд дарга асан З.Дашдавааг томилуулах санал оруулж ирсэн. Харин дэд даргаар мөн л энэ салбарт 13 жил ажилласан ШШГЕГ-ын дэд дарга асан Ж.Батсайханыг томилуулахаар оруулж ирсэн юм. Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаан бүхэлдээ хоёр нэр дэвшигчийг томилох асуудалд чиглэсэн гэж хэлж болно. Улстөрч бүхэн шударга ажиллахыг зөвлөж, АТГ-т гацчихаад буй олон арван хэргүүдийг гацаанаас гаргаж, нэг мөр шалгаж шийдвэрлэхийг захилаа. Харин нэр дэвшигч З.Дашдаваа “АТГ бол бие даан хараат бусаар ажиллах ёстой байгууллага. Хуулийн хүрээнд ажиллана. АТГ-т шалгагдаж буй хэргүүдийг шийдвэрлэхийг нийгэм даяар хүлээж байгаа. Одоо шалгаж байгаа хэргүүдтэй танилцаж, шийдвэрлэхийн төлөө ажиллана аа. Хэргүүдийг хуулийн хугацаанд шуурхай шалгахад бүтэц зохион байгуулалтын ажил хийнэ” гэж мэдэгдсэн юм. Харин дэд дарга Ж.Батсайхан “Би энэ байгууллагад ажиллаж байсан. Ажил яаж явдгийг мэдэх хүний хувиар хэргүүдийг илрүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллана” гэж амлалт өглөө.
Энэ хоёр хүн зөвхөн УИХ-ын 75 гишүүн буюу кноп дарж дэмжсэн улстөрчдөд, эсвэл дэмжсэн Ерөнхийлөгчид амлалт өгөөгүй. Харин цэнхэр дэлгэцээр, сонины хуудаснаас үгийг нь уншиж, сонссон гурван сая гаруй монголчуудын өмнө амлалт өгөөд гарлаа. Тиймдээ ч ажлаа авсан өдрөөсөө амласан шигээ шударга, шуурхай ажиллаж, АТГ-ын дарга нарын ширээнд олон жил тоосонд дарагдан хэвтэж буй хавтаст хэргүүдийн хуудсыг эргүүлнэ гэсэн хүлээлтэд хүрч ажиллаасай. З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёрт тийм ч олон сарын хугацаа алга. Ажлаа авсан даруйдаа л хэргүүдийг шийдвэрлэж, хүлээлтэд хариу өгч ажиллахаас өөр аргагүй юм. Эс бөгөөд ирэх онд сонгууль эхэлнэ. Харин тэр цагт хэчнээн том хэргийг илрүүллээ ч олон нийт сонгуулийн өмнөх шоу л гэж харна. Нийт массад таалагдах гэж худлаа шоудлаа гэсэн хардлага ч ирж таараа. Тэр утгаараа ажил хийх цаг чинь хагас жилээр л хэмжигдэж байгааг зориуд сануулъя. Салбарт нь ажиллаж байсан учраас ямар хэргүүдийг яаж шийдэхээ мэднэ гэлээ. Гэвч нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд буй хэд хэдэн хэргүүдийг зориуд онцолж, эрхэм дарга нарын сонорт хүргэе.
С.Баярын долоон байшинг 12 жил шалгаж байна
2007 онд Ерөнхий сайд асан С.Баярын экс эхнэр О.Гэрэлтуяа АНУ-ыг зорьж, Вашингтон мужийн Сиэтл хотын чинээлэг иргэдийн амьдардаг “Квин Энн” дүүрэгт 635 мянган ам.доллароор шинэ байшин худалдан авч, өөрөө болон хоёр хүүхэд болох Баярын Нандин, Баярын Бадамханд нарын нэрээр бүртгүүлснээс эхлээд түүний долоон байшингийн “үлгэр” эхэлсэн түүхтэй. Мөн л 2007 онд Баярын Нандин Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт тансаг хаус худалдаж авсан бол 2010, 2011, 2012, 2013 онд үл хөдлөх хөрөнгийн наймаа ч тасралтгүй үргэлжилж, нийт С.Баяр ба түүний гэр бүлийн мэдэлд долоон байшин бүртгэлтэй, тэр нь дандаа АНУ-ын том хотуудын тансаг зэрэглэлийн дүүрэгт байрлалтай болох нь тогтоогдож байлаа. “Петровис” компанийг үүсгэн байгуулсан гэх Ч.Давааням энэ хэрэгт холбогддог бөгөөд тансаг зэрэглэлийн хаусуудыг С.Баярын гэр бүлийнхэнд үнэгүй бэлэглэж байсан энэ эрхэм өнгөрөгч онд эхнэрийнхээ хамт АТГ-т байцаалт өгч, хоригдож байв. С.Баяр нь 2007 онд АНУ-аас дуудагдан ирж, намын дарга болсон. Ерөнхий сайдын суудалд 2008 онд очиж, жилийн дараа Оюутолгойн гэрээг үзэглэсэн байдаг. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгчихөөд АНУ-ын Вашингтон муж руу бөөрөө эмчлүүлэхээр явсан нь тухайн үедээ сонин хэвлэлээр гарч байв.
Эндээс л С.Баяр зөвхөн Оюутолгойн гэрээг эхлүүлэх даалгавартай Ерөнхий сайд болсон уу гэх таамаг ч өрнөж, олон ч баримтууд 12 жилийн хугацаанд хэвлэлээр хөвөрлөө. Гэтэл АТГ-ынхан энэ хэргийг нэг ч удаа сөхөөгүй. Иргэний нийгмийн төлөөлөл, улстөрчид, АНУ-д байрлах эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо, ТББ-ын төлөөлөл гээд олон хүмүүс “Долоон байшин ба оффшор бүсэд мөнгө угаасан” гэх хэргийг сөхсөн ч АТГ-ынхан хэргийг шалгаж байгаа гэсэн хариулт өгчихөөд нам дарж байсан. Өнгөрөгч онд С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулж баривчилсан ч АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өрөөндөө дуудаж хоол өгчихөөд, хэдхэн өдрийн дараа суллаад явуулсныг олон нийт харсан юм. Харин С.Баяр “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнээ баривчилж буйг дэлхий нийт хэрхэн хүлээж авах бол. Хөрөнгө оруулагчдын итгэл яах вэ” гэсэн даапаалсан утгатай ярилцлага өгч, бүр “миний охин долоо биш арван байшин эргэлтэд оруулсан юм шүү” хэмээгээд сураг алдарчээ. Өдгөө энэ эрхмийн хэрэг экс дарга Х.Энхжаргалын ширээнд тоосонд дарагдан хэвтэж байгаа нь тодорхой. Магадгүй алга болсон ч байж мэднэ хэмээн хардах үндэслэл байгаа юм. Тиймээс АТГ-ын шинэхэн дарга нарын ажил энэ хэргийг эргэж сэргээх, мөнгө угаасан, долоон байшин худалдаж авах, бусаас үнэгүй бэлгэнд авах ямар эрх ашиг байсныг олж илрүүлэх үүрэг ногдож байна.
10 тэрбум ам.долларын авлигын хэрэг хаана гээгдэв
Уншигч та санаж буй бол 2015 оноос эхлэн “Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэхийн тулд Монголын нөлөө бүхий улстөрчдөд 10 тэрбум ам.долларын авлига өгсөн” гэх асуудал хэвлэл мэдээллээр бичигдсэн. Тодруулбал, Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн Боб Браун гэгч Оюутолгой төсөлд олгогдсон 10 тэрбум ам.долларын авлига, хээл хахуулийн асуудлыг дэлгэж, Монгол Улсад баримтыг нь өгсөн байдаг аж. Гэвч энэ материалын эх хувь хаана яваа, хэн шалгаж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Хамгийн сүүлд ТЕГ-т байгаа гэх мэдээлэл цацагдсан ч хэн ч нотлоогүй, мартагдсан юм. Өнгөрөгч онд Австралийн Сенатын гишүүн Скотт Лудлам манай сонинд ярилцлага өгөхдөө “2012 онд Австралийн Засгийн газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд руу ярьж “Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй.
Энэ асуудлыг шийдэж өг” гэж ярьсан байдаг. Яахаараа ийм асуудал байж болох вэ. Би энэ бүхнийг ил болгоно. Мөн Оюутолгойн 10 тэрбум ам.долларын авлигын баримтын эх хувийг олж авахын тулд ажиллана. “Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг” хэмээн ярьж байлаа. Тэгвэл АТГ-ынхан мөн л энэ асуудлыг хамгийн түрүүнд шалгамаар байх юм. Оюутолгой гэх том луйврын хэрэгт нэр холбогдсон С.Баяр гэнэтхэн жил дараалаж хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх хаустай болсон, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт оффшор бүсэд данс нээж, сая, сая ам.доллароо мартсан нь энэхүү 10 тэрбумтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй билээ. АТГ-ын шинэ удирдлагууд Оюутолгойн хэрэгт нэр холбогдсон Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэхийг хүсэж л байгаа бол Боб Браун, Скотт Лудлам нарын яриад буй баримтыг олж авахаас ажлаа эхлэх учиртай юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 ба 51 хувийн луйвар
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс корпораци” ХХК-ийн хэрэг ч АТГ-ынхны анхаарал хандуулах ёстой хэргийн нэг мөн юм. Энэхүү хувийг авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авсан, төр худалдан авах мөнгөтэй атлаа хувийн компанид давуу эрх олгосон гэх асуудал яригдаж буй. Үүнд хамаатах олон хүнийг АТГ-аас сүр дуулиантай баривчилсан ч төд удалгүй суллаж явууллаа. Хэргийн үнэн мөнийг ч тогтоогоогүй бөгөөд Дээд шүүхийн гаргасан эцсийн шийдвэрийг Засгийн газар үл ойшоож, “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоогоод байна. Энд Засгийн газар буруутай юу, эсвэл хувийн хэвшил хулгай хийв үү. Энд хариулт авахыг олон нийт хүсэж байна. Түүнээс гадна “Жаст” группын захирал гэх Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкинд барьцаанд тавьсан асуудал илүү олон шинэ баримтаар баяжив. Монгол Улсын Засгийн газар 100 гаруй сая ам.долларын өрийг ойлголцолд хүрсний дараа 40 сая ам.доллар болгон бууруулж, төлж чадлаа гэж саяхан мэдэгдсэн. Гэвч энэ хэрэгт дахиад л С.Баяр, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны Д.Сугар нар хамаатай байсан уу гэдгийг АТГ эцэслэн тогтоогоогүй. Гэмтнүүд өдгөө наранд тайван алхаж, ганцхан хүн нарсанд зовж байна. “Эрдэнэт”-ийг тойрсон луйврыг эцэслэхгүй бол “шударга үнэний төлөө шуурхай ажиллана” гэсэн хоёр даргын үг үнэ цэнгүй сонсогдох билээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн яриад буй өр тавихад зуучилж байсан “Ocean Partners” өдгөө өр дарахад дахиад зуучилсан нь ямар учиртай болохыг, энэ компани дунд нь хор хутгасан уу гэдгийг ч шалгамаар байгаа юм.
“60 тэрбум”, ЖДҮ-гээ мартуузай
Гурван сонгууль дамжиж яригдах гэж буй төрийн албан тушаалыг “60 тэрбум”-аар арилжаалсан гэх асуудал нотлох баримттайгаа АТГ-т очсонсон. Гэвч “дуу хоолой нь эвлүүлэг байжээ” гэх хачин жигтэй тайлбар өгчихөөд хэргийг хааж байлаа. Олон нийтийн эсэргүүцэл хүчтэй байсан учраас УЕП-ын газраас хэргийг эргэн сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Үүнд ч анхаарлаа хандуулж, авлигын асуудал үнэхээр байгаа бол дахиад татаж авч шалгахад буруудахгүй. Үүнээс гадна, ЦЕГ болон АТГ-ын албан тушаалтнууд хамтран ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанийн нэрээр 950 саяас, тэрбум гаруй төгрөгийн зээл авсан улстөрчдийн хэргийг шалгаж байгаа. Гэтэл эхнээсээ хамааралтай биш, тойргийн компани дэмжсэн гэх үндэслэлээр хэргийг хааж эхэлжээ. Энэ хэрэг ирэх сонгуулиар, энэ жилдээ ч олны анхаарлаас гарахгүй. Эрх баригч намын улстөрчдөд хамаатай хоёр том хэргийг шинэхэн дарга нар ширээндээ хийгээд мартуузай гэж зориуд сануулъя. Хэрвээ нийгмийн хүлээлтэд хүрч чадахгүй л бол огцруулах нь илүү амархан болсныг дурдах нь илүүц биз ээ.
Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар Тавантолгойн орд газрыг 100 жилээр гадны компанид өгөх гэж байсан ноцтой баримтуудыг ч өмнөх дарга Х.Энхжаргалд хүлээлгэж өгсөн. Энэхүү ноцтой баримтыг шалгаж эхлэх үү, З.Дашдаваа дарга аа. Улаанбаатар төмөр замын удирдлага болох Д.Жигжиднямаа 1000 вагоны хэргээр мөн л шалгуулж байна. Энэ хэргийг орхих вий. Нэрлээд байвал ширээнд орхигдсон, АТГ-ын даргын үзэмжээр мартагдсан маш олон хэргүүд байна, дарга нар аа. Эндээс л шуурхайлах ажлаа эхлээрэй. ЕБС-ийн багш сурагчдаасаа 10000 төгрөг авлигад авсан уу, сургуулийн захирал хандив авсан уу гэх жижиг жараахайтай хөөцөлдөх чинь авлигатай шударгаар тэмцэж байгаа хэлбэр биш. Жижгээ ч битгий март. Бас том “тул”-нууддаа л илүү анхаарч, спорт загасчлал шиг “барилаа, тавилаа” гэсэн арга барилаас энэ байгууллагыг салгаж өгөөрэй, гуйж байна.